УДБЭТ “Жизель” балет, “Чио Чио Сан” дууриар 61 дэх улирлын тоглолтоо хаана

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2024-06-12 14:17:11

Улаанбаатар, 2024 оны зургаадугаар сарын 12 /МОНЦАМЭ/. УДБЭТ-ын 61 дэх улирлын нээлтийн тоглолт 2023 оны 10 дугаар сард эхэлж байсан бол энэ сарын 23-нд улирлын тоглолтоо дэлхийн сонгодог бүтээл А.Аданы “Жизель” балет, Ж.Пуччинийн “Чио Чио сан”  дууриар хаахаар болжээ.


Тус театрт ”Жизель” балетыг энэ сарын 15, 16-нд тоглох юм.  Жизель” хэмээх эмэгтэйн нэрээр нэрлэсэн уг балет эхэндээ “The Willis” буюу “Сүнснүүд” гэсэн нэртэй байжээ. Хөгжмийг Адольф-Шарль Адан, Либретто буюу цомнолыг Анри де Сен-Жоржа, Теофиля Готье, Жана Коралли нар зохиолч Генрих Гейний ярианаас санаа авч бичжээ. Хамгийн анх Жана Коралли, Жюль Перро нарын дэглэсэн найруулгаар 1841 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Францын Парис хотноо одоогийн “Гранд Опера”-д нээлтийн тоглолтоо хийсэн байна. Энэ нь тухайн үедээ үзэгчдийн сонирхлыг шууд татаж, 1841-1848 онд Европын бараг бүх хотод ар араасаа тавигджээ.

Харин энэхүү балет манай улсад 1979 оны 12 дугаар сарын 22-нд нээлтээ хийж байв. Тус балетыг 2022 онд  дахин шинээр дэглэн тавьсан юм. Шинэчилсэн дэглэлтийг УДБЭТ-ын Ерөнхий балетмейстер Д.Дашлхагва найруулж, тайзны зургийг УДБЭТ-ын зураач СТА Ц.Ганзориг гүйцэтгэж, удирдаачаар МУСТА Т.Гэрэлцэцэг, Т.Юндэн нар ажилласан юм.


Дэлхийн алдарт хөгжмийн  зохиолч Ж.Пуччинийн “Чио Чио Сан” дуурийг энэ  сарын 22, 23-нд тайзнаа толилуулах юм.


Италийн нэрт хөгжмийн зохиолч Ж.Пуччини “Чио Чио Сан” буюу “Эрвээхэй хатан” дууриа анх 2 үзэгдэлтэй бичсэн байна.  Хамгийн анх 1904 онд алдарт Ла Скала театрт тоглоход нь үзэгчид огтхон ч тоогоогүй байна. Тиймээс Пуччини богино хугацаанд дууриа засаж гурван үзэгдэлтэй болгон бичсэнийг Брессиагийн театрт тоглоход гайхалтай амжилт олжээ.

 Дуурийн цомнолыг Луижи Иллиса, Жузеппе Жакоса нар зохиолч Жон Лютер Лонгийн “Эрвээхэй хатан” туужаас сэдэвлэн бичсэн байна. 1906 онд Пуччини 3 дахь хувилбараа бичиж Нью-Йоркийн театрт тоглуулаад 1907 онд 4 дэх хувилбар болгож зарим хоолойг нэмж Парист анх тогложээ. Хамгийн сүүлд 1907 оны сүүлчээр Пуччини нэгтгэн засварлаж эцсийн хувилбарыг гаргасан нь “Үндсэн эх” хэмээн нэрлэгдэж дэлхий дахинаа тоглогдож байна.


“Чио Чио Сан” дуурь дэлхий дахинаа хамгийн тогтвортой тоглодог дуурийн 6 дугаарт бичигдэж байна. Тус дуурийг манай улсын театрын тайзнаа 1967 оны 4-р сарын 17-нд Д.Лхасүрэн найруулан тавьж, удирдаач Б.Дамдинсүрэн, Ж.Чулуун нар анх удирдан толилуулсан. Тус дуурьт хайр сэтгэл, үр хүүхдийнхээ төлөө амиа өгөх үнэнч сэтгэл, хатан зориг гагцхүү үзэсгэлэнт ази бүсгүйгээс л гарах аж. Тиймээс энэхүү бүтээлээрээ Ж.Пуччини үзэгчдийн гүн хүндэтгэлийг хүлээжээ.


Ж.Пуччинийн дууриудаас “Манон Леско”, “Богема”, “Чио Чио сан” зэрэг нь хүнлэг энэрэнгүй гүн ардач бүтээл болсноороо дуурийн урлагт асар их нөлөөлсөн юм. Мэргэжлийн дуучдаас хөгжмийн дээд боловсрол, хоолойн цар хүрээ, яруу тод жүжиглэх чадварыг мэргэжлийн өндөр түвшинд шаарддаг энэхүү бүтээлийг тэр бүр театрууд зориглон тавьдаггүй.

Чио Чио Сан дуурь нь Америкийн тэнгисийн цэргийн флотын дэслэгч, дорнын үзэсгэлэнт бүсгүй хашийн тунгалаг царайт эрвээхэй нүдэн хоёрын талаар өгүүлэх гунигт хайрын түүх юм. Дуурийг 1904 онд анх Италийн Милан хотод тоглож байсан бол Монголын тайзнаа 1967 онд тавьсан түүхтэй.


関連ニュース