Тавантолгойн ордын 30 сая тонн нүүрс баяжуулах үйлдвэрийн эхний төсөл эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2024-06-25 16:48:13

Улаанбаатар, 2024 оны зургаадугаар сарын 21 /МОНЦАМЭ/. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийв.


Нүүрс баяжуулах үйлдвэрийн анхны бүтээгдэхүүний үйлдвэрлэл, туршилт, тохируулгын нээлтэд УУХҮ-ийн дэд сайд Б.Уянга, "Эрдэнэс Монгол" нэгдлийн гүйцэтгэх захирал С.Наранцогт, Засгийн газрын ХЭГ-ын дэд дарга бөгөөд "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн ТУЗ-ийн дарга У.Бямбасүрэн, "Норинко Интернэшнл Күүперэшн" корпорацийн захирлын үүрэг гүйцэтгэгч Ян Шяо Чин, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гуйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Х.Мөнхжаргал нарын зочид төлөөлөгч оролцож, үйлдвэрийн анхны баяжуулах үйл ажиллагааг эхлүүллээ.




“Эрдэнэс Тавантолгой” ХК стратегийн ач холбогдол бүхий томоохон 10 төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Эдгээр төслийн нэг нь Нүүрс баяжуулах үйлдвэр юм. Төслийг 2022 онд эхлүүлж, эхний шат болох жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэрийг ийнхүү ашиглалтад оруулж байна.


Уул уурхайн салбарыг хөгжүүлэх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг бий болгох, эдийн засгийн өсөлтийг дэмжих зорилгоор УИХ, Засгийн газрын тогтоол шийдвэрээр Тавантолгойн ордыг түшиглэн жилд 30 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай Нүүрс баяжуулах үйлдвэрийн төслийг хоёр үе шаттай хэрэгжүүлж байна.


Нүүрс баяжуулах үйлдвэр бүрэн ашиглалтад орсноор “Эрдэнэс Тавантолгой” ХК жилд дунджаар 24 сая орчим тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэн борлуулж, 1.9 тэрбум ам.долларын борлуулалтын орлого олж, 197.3 сая ам.долларын цэвэр ашигтай ажиллах юм. Ингэснээр улс болон орон нутгийн төсөвт татвар, төлбөр хэлбэрээр нийт 185.8 сая ам.долларыг төвлөрүүлнэ.




Мөн төсөл хэрэгжсэнээр улс орны болон бүс нутгийн нийгэм эдийн засгийн өсөлтийг дэмжиж 472-928 шууд ажлын байрыг шинээр бий болгож, жилд дунджаар 185.8 сая ам.долларыг улс орон нутгийн төсөвт оруулж, улмаар ордын нөөцийг хаягдал багатай, иж бүрэн ашиглах, экспортыг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүний чанарт тавигдах шаардлагыг оновчтой байдлаар хангах, экологийн сөрөг нөлөөллийг бууруулах, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн хэмжээ, үр ашиг ихээхэн нэмэгдэх зэрэг олон эерэг давуу тал бий болох юм.


Төслийн нийт санхүүжилт нэг тэрбум ам.доллар бөгөөд одоогоор 796 тэрбум төгрөгийн санхүүжилт хийгээд байна. Нүүрс баяжуулах үйлдвэр нь Ази, Номхон далайн бүсэд үйлдвэрлэл, технологиороо тэргүүлэгч брэндүүдийн техник, тоног төхөөрөмжөөр тоноглосон, байгаль орчинд ээлтэй, үр ашигтай технологитой гэдгээр онцлогтой.


Төслийн ерөнхий гүйцэтгэгчээр БНХАУ-ын “Норинко Дади” түншлэл “Дади Инженеринг Девелопмент групп” компаниуд оролцож УУХҮЯ, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн инженерүүд хяналт тавин ажиллажээ.

 

関連ニュース