Ажил хэрэгч аялал жуулчлалын төрлөөр хамтран ажиллахаа илэрхийлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2024-06-21 13:45:53

Улаанбаатар, 2024 оны зургаадугаар сарын 21 /МОНЦАМЭ/. БНСУ-ын бизнесийн байгууллагаас Монголд MICE аялал жуулчлалыг хөгжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.


Тодруулбал, манай улсад ирээд буй БНСУ-ын Ёосү хотын MICE аялал жуулчлалын байгууллагын төлөөлөл Монголын бизнес эрхлэгчидтэй уулзаж MICE аялал жуулчлалын талаар танилцуулав.


MICE аялал жуулчлал гэдэг нь meeting буюу хурал зөвлөгөөн, incentive tour буюу урамшууллын аялал, conference буюу чуулга уулзалт, exhibition & event-үзэсгэлэн яармаг, үйл ажиллагаа гэсэн утгатай үгийн товчлол, дээрх үйл ажиллагааны аялал жуулчлалын төрлүүд аж. Уулзалтаар MICE нь Ёосү хотын аялал жуулчлалын сүүлийн жилүүдэд хурдацтай хөгжиж байгаа салбар болохыг БНСУ-ын Ёосү хотын MICE аялал жуулчлалын газрын дарга Чой Юн Ги онцлон дурдлаа. 


Тэрбээр, Монголын бизнес эрхлэгчдэд ажил хэрэгч аялал жуулчлалын боломжуудыг танилцуулж, Монголын Худалдаа, аж үйлдвэрийн Танхимаар дамжуулан Монголын талтай үйлдвэрлэлийн аялал, үйлдвэрлэлийн экспо, туршлага солилцох аялалын чиглэлд хамтран ажиллаж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн тэлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.

関連ニュース