ЕВРО-2024: Германы шигшээ Данийн багийг хожиж, шөвгийн наймд шалгарлаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
Jargal.d@montsame.mn
2024-06-30 09:14:01

ДОРТМУНД, 2024 оны зургаадугаар сарын 30 /DW/. Германы хөл бөмбөгийн шигшээ баг "Евро-2024" тэмцээний 1/8 шигшээд Данийг багийг 2:0-ээр хожлоо. 


Гоолуудыг Кай Хаверц (53 дахь минут, торгуулийн цохилт), Жамал Мусиала (68) нар хийсэн байна. Тоглолтын 4 дэх минутад оруулсан Германы гоолыг довтолгооны алдааны улмаас хүчингүй болгожээ. Данийн багийн хамгаалагч Жоаким Андерсен тоглолтын 48 дахь минутад германчуудын хаалганд бөмбөг оруулсан боловч багийн тоглогчид нь отон тоглолтод орсон тул гоолыг тооцоогүй байна. Үүнээс хэдэн минутын дараа торгуулийн талбайд байсан Андерсен бөмбөгөнд гар хүрч, шүүгч торгуулийн цохилт заажээ. 


Тоглолтын эхний хагаст аянга цахиж, аадар бороо орсон тул тоглолтыг түр зогсоосон байна. Цэнгэлдэх хүрээлэнгийн ойролцоо аянга цахисны дараа талбайн шүүгч Майкл Оливер тоглолтыг 35 дахь минутад зогсоосноос таван минутын дараа аадар бороо, мөндөр орж эхэлжээ. Тоглолтыг 25 орчим минутын дараа үргэлжлүүлсэн байна. 


Германы шигшээ багийн хаалгач Мануэль Нойер Европын аварга шалгаруулах тэмцээний тоглолтод оролцсон тоогоор багийнхаа дээд амжилтыг тогтоожээ. Тэрбээр 19 дэх тоглолтоо оролцож, Бастиан Швайнштайгерын амжилтыг эвдсэн байна. 


Шөвгийн наймд Германы баг Испани, Гүржийн шигшээ багуудын аль хожсонтой тоглоно. Шөвгийн наймын тоглолт долоодугаар сарын 5-нд Штутгарт хотод болно.


Энэ удаагийн тэмцээний хасагдах шатны эхний тоглолт Берлин хотноо Итали, Швейцарын шигшээ багуудын хооронд болж, Швейцарын баг 2:0-ээр хожсоноор Италийн шигшээ баг аваргын цомоо хамгаалж чадсангүй. Гоолуудыг Ремо Фрейлер (37), Рубен Варгас (46) нар хийсэн байна. 

関連ニュース