Морин хуурын олон улсын наадам Өмнөговь аймагт болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-07-05 12:33:03

Улаанбаатар, 2024 оны долоодугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор морин хуурын олон улсын VII наадам манай улсад болох гэж байна.


Энэ сарын 16-нд Өмнөговь аймгийн Даланзадгад хотод эхлэх уг наадмыг Монгол Улсын Ерөнхийлөгч ивээлдээ авсан бөгөөд тус наадам долоо хоног үргэлжилнэ. Дэлхийн морин хуурын холбоог 2008 онд анх байгуулснаас хойш энэхүү олон улсын наадмыг тогтмол зохион байгуулсан юм.


Өмнө нь 2008, 2012, 2016 олон улсын морин хуурын наадам-симпиозумыг, 2010, 2014, 2018 онд морин хуур сонирхогч, урлаачдын уралдааныг зохион байгуулж байв. Эдгээр наадамд АНУ, БНСУ, БНХАУ, ОХУ, Япон, ХБНГУ, БНФУ-аас морин хуурч, суралцагч, сонирхогч тогтмол оролцож иржээ.

"Ковид 2019" цар тахлын улмаас түр завсарласан энэхүү наадмыг энэ жил анх удаа орон нутагт зохион байгуулах болсноороо онцлог юм.


Долоо дахь удаагийн наадам гурван төрлөөр болно. Нийт 170 орчим мэргэжлийн морин хуурч, сонирхогч, хөгжим урлаач оролцохоор бүртгүүлжээ. Монгол үндэстний бахархал болсон морин хуурыг эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлэх ажлыг эрчимжүүлэх Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг гарсан байдаг. Тэгвэл энэхүү зарлиг гарсан жил морин хуурын олон улсын наадмыг орон нутагт зохион байгуулахаар болсон нь гол онцлог гэдгийг Дэлхийн морин хуурын холбооны тэргүүн Н.Жигжиддорж онцолсон юм. Тэрбээр мөн хэлэхдээ цаашид уг наадмыг гурван жил тутамд зохион байгуулахаар болсныг дурдлаа.


Өмнөговь аймгаас Төрийн ханхуурч, Ардын жүжигчин Ц.Цэрэндорж, хөгжим урлаач, соёлын гавьяат зүтгэлтэн П.Байгальжав зэрэг морин хуурын шилдэг зүтгэлтнүүд төрсөн байдаг. 



関連ニュース