Барбора Крейчикова Уимблдонд анх удаагаа түрүүллээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
ВАШИНГТОН, 2024 оны долоодугаар сарын 14. /The Guardian/. Чехийн теннисчин Барбора Крейчикова бямба гарагт Уимблдоны эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд анхны түрүүгээ хүртжээ.
Хоёр цаг орчим үргэлжилсэн шувтаргын тоглолтод дэлхийн чансааны 31 дүгээрт бичигдэж буй Б.Крейчикова 7-рт эрэмбэлэгдэж буй итали теннисчин Жасмин Паолиниг 6:2, 2:6, 6:4-өөр илүүрхсэн байна.
“Уимблдоны финалд шалгарч, түрүүлж чадсан гэдэгтээ одоо ч итгэж чадахгүй байна. Энэ бүхэн үнэхээр итгэмээргүй санагдаж байна” гэж Б.Крейчикова Лондонд аваргын цомыг өргөснийхөө дараа ярилаа. Тэрбээр өмнө нь 2021 оны Францын нээлттэй тэмцээнд /Ролан Гаррос/ аваргалж байсан билээ.
Талбайн теннисний дөрвөн томоохон тэмцээний нэг болох Уимблдон ням гарагт өндөрлөх юм. Энэ удаагийн тэмцээний эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Испанийн теннисчин Карлос Алькараз, Сербийн тамирчин Новак Жокович нар аваргын цомын төлөө өрсөлдөнө.