ПАРИС-2024: Технологийн саатал тамирчдын ирэх хугацаанд нөлөөлж болзошгүй гэв
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ПАРИС, 2024 оны долоодугаар сарын 20 /France24/. Дэлхий даяар нүүрлэсэн мэдээллийн технологийн саатал доголдлоос үүдэн тодорхой нөлөөлөл учраад байна гэж Парисын Олимпыг зохион байгуулах хорооноос мэдэгдлээ.
Тодруулбал, энэ сарын 26-ны баасан гарагт эхлэх наадмын нээлтийн ёслолд зориулсан энгэрийн тэмдэг олгох системд нөлөөлсөн тул зарим тамирчны ирэх хугацаа хойшлогдож магадгүй гэж зохион байгуулагчид мэдээлжээ.
Парисын Олимпыг зохион байгуулагчид баасан гарагт буюу нээлтийн
ёслол болохоос яг долоо хоногийн өмнө дэлхий даяар нүүрлэсэн компьютерын
системийн томоохон доголдолтой холбоотой асуудалтай тулгарч байгаагаа мэдэгдсэн
байна.
“Бид “Майкрософт”-ын програм хангамжид нөлөөлж буй дэлхийн
техникийн асуудлуудын талаар мэдээлэлтэй байгаа. Эдгээр асуудал нь “Парис-2024”-ийн
мэдээллийн технологийн үйл ажиллагаанд мөн нөлөөлж байна" гэж зохион
байгуулагчид ярьжээ.
“Парис-2024”-ийн техникийн асуудал эрхэлсэн багууд эдгээр
асуудлаас үүдэн учрах нөлөөллийг бууруулахын төлөө бүрэн бүрэлдэхүүнээрээ дайчлагдан ажиллаж байгаа
бөгөөд бид үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхийн тулд гэнэтийн төлөвлөгөөг
идэвхжүүлээд байна” гэж тэд нэмж хэлсэн байна.
Парисын Олимпын наадмыг зохион байгуулах хорооны эх
сурвалжийн мэдээлснээр, уг саатлын
улмаас ирэх баасан гарагт Сена мөрөн дээр болох ёслолын өмнө зарим
хүмүүс энгэрийн тэмдэг авч чадахгүй байж магадгүй байна.
Олимпын тосгон пүрэв гаргаас анхны зочдоо хүлээн авч эхлээд
байгаа энэ үед нислэг нь цуцлагдсан тамирчдын ирэх хугацаа мөн хойшилж болзошгүй
гэж эх сурвалж нэмж хэллээ.
Үүнээс гадна, Лондоны хөрөнгийн бирж, Испани, Нидерланд, Хонконгийн нисэх онгоцны буудлууд, АНУ-ын автомашин үйлдвэрлэгч “Тесла”-гийн Герман дахь үйлдвэрийн үйл ажиллагаа мөн тасалдсан байна.