ХОВД: Дарви сумынхан 100 жилийн ойн баяраа тэмдэглэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2024-07-25 12:28:48

Жаргалант, 2024 оны долоодугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Энэ онд Ховд аймгийн хэмжээнд таван сумын 100 жилийн ой тохиож байна. 


Онцлоход,  Дарви сум үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн баярыг энэ сарын 22-24-ний өдөр тэмдэглэлээ. 


Харин Алтай,  Мянгад, Зэрэг, Цэцэг сум үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойг 8 дугаар сард тэмдэглэнэ.  


Ховд аймгийн Дарви сум 549 мянга гаруй га газар нутагтай.


Мөнх цаст Сутай хайрхан уулыг түшиглэн нутаглаж, сутай үүлдрийн хонийг зонхилон үржүүлж буй Дарви сумын малчид өдгөө хонин сүргийнхээ тоо толгойгоор аймагтаа тэргүүлж байна.  


Тус сумаас тодорсон алдартан, гавьяатууд олон бий. Тодруулбал, Дарви сумаас Хөдөлмөрийн баатар долоо, Улсын баатар нэг, Ахмад дайчид 41, Төрийн соёрхолт гурав, Төр, нийгмийн зүтгэлтэн 20, Ардын цолтон гурав,  Шинжлэх ухааны академич 21, Эрдэмтэн доктор 74, Гавьяат цолтон 45 тодорчээ. 


Дарви сум үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн баяр өргөн дэлгэр болж, хол, ойрын олон зочин, төлөөлөгч хүрэлцэн ирсэн байна.


Тус ойд зориулсан хурдан морины уралдаан, бөхийн барилдаан, сурын харваа, баярын хурал, хүндэтгэлийн үйл ажиллагаа гурван өдөр тусгай хөтөлбөрийн дагуу өрнөлөө.


Мөн энэ  үеэр тус сумын уран бүтээлч, хүүхэд багачууд, ардын авьяастнууд урлагийн тоглолт сонирхуулж, нутгийн онцлог, өв соёлоо сурталчлав.  


関連ニュース