“Нүүдэлчин” фестивальд Сүхбаатарынхан

ФОТО МЭДЭЭ
odonchimeg@montsame.mn
2024-08-20 18:16:04

Баруун-Урт 2024 оны наймдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Монголд зочлох жилийн хүрээнд зохион байгуулагдсан “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивальд Сүхбаатар аймгийн төлөөлөгчид амжилттай оролцоод иржээ. Соёлын биет бус өв тээгчид, Жаахан шарга театрын уран бүтээлчид, ардын авьяастнууд, удирдан зохион байгуулагчид зэрэг 40 хүний бүрэлдэхүүнтэй баг оролцсон байна.

 

Сэцэн ханы хурдан хүлэг, Дарьгангын алдарт дархчуул, дахин давтагдашгүй мөнгөн урлал, хэлхээ тоонот гэр, хос шавар зуух, Дарьганга үндэстний хоолны соёлыг сурталчлан танилцуулж, орон нутгийн онцлогийг шингээсэн бүрэн хэмжээний урлагийн тоглолтоор үзэгч олны сонорыг мялаажээ.

 

Ялангуяа Дарьганга сумын ЕБС-ийн багш, өв тээгч, монгол зураач Б.Энхмаа нүүдэлчдийн чухал өвийн нэг дарьганга нутгийн үлгэрийн үйл явдлыг монгол зургийн аргаар танилцуулж,  Мөнххаан сумын өв тээгч, ахмад багш Г.Цээсүрэн ширмэл гар урлалын бүтээлийг газар дээр нь урлаж, дарьганга дархан Ш.Даваадорж есөн эрдэнийг оролцуулан дахин давтагдашгүй хийцээр урласан мөнгөн аягуудаа танилцуулж байсан нь олны сонирхлыг хамгийн ихээр татсан байна.