“Амьдрахуй” туужаас сэдэвлэсэн жүжиг үзэгчдийн хүртээл болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар, 2024 оны наймдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Орфей театрын уран бүтээлчдийн шинэ уран бүтээл болох Хятадын нэрт зохиолч Үй Хуагийн “Амьдрахуй” туужаас сэдэвлэсэн драмын жүжиг аравдугаар сарын 1-нээс өдөр бүр Соёлын төв өргөөний тайзнаа үзэгчдийн хүртээл болох гэж байна.
Орчин цагийн Хятадын нэрт зохиолчдын нэг Үй Хуа 1960 онд Ханжөү хотод эмчийн гэр бүлд төржээ. Дунд сургуулиа дүүргэсний хойно муждаа таван жил шүдний эмчээр ажиллаж байгаад, Бээжин хотын Лү Шюнь утга зохиолын сургуульд элссэн юм. Уран бүтээлийнхээ гарааг 1983 оноос эхэлсэн бөгөөд өдгөө монгол уншигчдын гарт хүрээд буй “Амьдрахуй” туужаа 1992 онд хэвлүүлжээ. Туужаас улбаатай шүүмж эргэцүүлэл өрнөдийн улс орнуудад цөөнгүй нийтлэгдсэн бол алдарт найруулагч Жан Имоу кино бүтээж, Каннын кино наадмаас шагнал хүртэж байсан удаатай.
Тус жүжгийн найруулагчаар М.Батболд, продюсероор Т.Ариунчимэг ажиллаж буй. Жүжгийн зохиолчоор “Тагтаа” хэвлэлийн газрын орчуулагч, яруу найрагч М.Батбаяр ажиллажээ. Тэрбээр зохиолч Үй Хуагийн “Амьдрахуй”, “Цусаа худалдсан тэмдэглэл”, “Вэн хот” зэрэг зохиолыг монгол хэлнээ яруу сайхнаар хөрвүүлэн уншигчдад хүргэсэн билээ.