Хоёр жилийн хугацаанд 1751 ширхэг түүх, соёлын үнэт өвийг алдагдахаас "аварчээ"

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2024-09-25 13:00:40

Улаанбаатар, 2024 оны есдүгээр сарын 25 /МОНЦАМЭ/. Эрүүгийн цагдаагийн албаны түүхт 90 жилийн ойг тохиолдуулан "Аврагдсан өв" үзэсгэлэнг Чингис хаан Үндэсний музейн 9 давхрын түр үзэсгэлэнгийн танхимд өнөөдөр нээлээ.


Эрүүгийн цагдаагийн албаны бүтцэд өөрчлөлт орж түүх, соёлын дурсгалт зүйлийн хууль бус эргэлттэй тэмцэх хэлтсийг шинээр байгуулсны үр дүнд хоёр жилийн хугацаанд Хүннү гүрний үеэс Богд хаант Монгол Улс хүртэлх  он цагийг  хамаарах 1751 ширхэг түүх, соёлын үнэт зүйлсийг алдагдахаас сэргийлж, гэмт хэргийн эд мөрийн баримтаар хураан авч, холбогдох эрх бүхий байгууллагуудад шилжүүлээд байна.


Энэхүү үзэсгэлэнд түүх, соёлын 70 төрлийн дурсгалт зүйлсийг багтаажээ.


Үзэсгэлэнг нээж Чингис хаан Үндэсний музейн захирал, академич С.Чулуун хэлэхдээ, “Соёлын өвийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх ажил зөвхөн цагдаагийн албаны ажил биш юм. Соёлын өвийг хадгалж хамгаалж олон нийтэд таниулах нь бүх байгууллагын хүлээсэн үүрэг байх ёстой. Тийм ч учраас манай музей олон нийтэд Монголын соёлын өвийг дэлгэн таниулж сурталчлахаас гадна соёлын дурсгалт зүйлийн хулгайтай тэмцэхэд өөрсдийн хувь нэмрийг оруулах ёстой гэж үзсэн. Эрүүгийн цагдаагийн албаны 90 жилийн ойд зориулсан үзэсгэлэнг “Аврагдсан өв” хэмээн нэрийдсэн нь ч учиртай. Цагдаагийн ажилтнуудын амь өрсөн цаг наргүй ажиллаж олсон түүх, соёлын дурсгалт зүйлс ямар их үнэ цэнтэйг үзэсгэлэнгээр дамжуулан олон нийтэд хүргэхийг зорьсон. Та бүхний хөлс хүчээр олсон эрдэнэс болгон Монголын түүхийг нөхөж, манай музейн чимэг болон хадгалагдаж байгаа, удахгүй олон түмэнд дэлгэнэ” хэмээв.


Үзэсгэлэнг энэ сарын 29-нийг хүртэл гаргана. Түүх, соёлын дурсгалт зүйлсийг он цагийн дарааллаар түүвэрлэн Эрүүгийн цагдаагийн албанаас каталог хэвлүүлжээ.


Үзэсгэлэнгийн нээлтэд Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Соёлын өвийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Даваацэрэн, ЦЕГ-ын дарга, Дотоодын цэргийн командлагч, бригадын генерал Т.Сүхболд болон бусад албаныхан оролцсон юм. 












関連ニュース