Алтны үнийн рекорд дахин шинэчлэгдлээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2024-10-18 12:06:13

НЬЮ-ЙОРК, 2024 оны аравдугаар сарын 18 /Forbes/. Пүрэв гаргийн арилжааны явцад нэг унц алтны үнэ 2710 ам.доллароос давж, дахин түүхэн шинэ дээд үзүүлэлтэд хүрсэн байна.


Чикагогийн таваарын биржийн (CME) арилжаагаар 12 дугаар сард нийлүүлэх гэрээний үнэ 0.79 хувиар өсөж, нэг унц нь 2712.7 ам.доллар болсон байна. Үүнээс өмнө есдүгээр сарын 26-ны өдрийн арилжаагаар алтны үнэ нэг унц нь 2708.7 ам.долларт хүрч байв. Он гарснаас хойш уг үнэт металлын үнэ 30 гаруй хувиар өссөн байна. 


Алт бол аюулгүй баталгаат актив гэж үзэх нь нэмэгдэж, Төв банкууд алтыг их хэмжээгээр худалдан авч байгаа зэргээс шалтгаалан үнэ нь сүүлийн саруудад өссөөр байна. Шинжээчдийн үзэж байгаагаар, алтны үнэ өсөхөд мөн АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой тодорхойгүй байдал, мөн геополитикийн эрсдэлүүд нэмэгдсэн нь нөлөөлжээ.  


Үүнээс гадна, АНУ-ын Холбооны нөөцийн сан /ХНС/ бодлогын хүүгээ бууруулна гэх таамаглал нөлөөлсөн гэж үзэж байна. Сүүлийн нэг жилийн хугацаанд ХНС бодлогын хүүгээ өсгөсөн нь алтны үнийн огцом өсөлтийг сааруулж чадаагүй юм. Одоо ХНС мөнгөний зөөлөн бодлого руу шилжиж, АНУ-ын эдийн засгийн өсөлт удааширсан нь алтны үнэ цаашид өсөхөд нөлөөлнө гэж хөрөнгө оруулагчид үзэж байна.


関連ニュース