Европын Төв банк бодлогын хүүгээ бууруулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2024-10-18 14:27:57

БРЮССЕЛЬ, 2024 оны аравдугаар сарын 18 /DW/. Европын Төв банк энэ он гарсаар бодлогын хүүгээ гурав дахь удаагаа бууруулж, 3.5 хувь байсныг 3.25 хувь болголоо.


Есдүгээр сард еврогийн бүсэд инфляцын түвшин 1.7 хувь болж буурсныг пүрэв гарагт танилцуулсан албан ёсны тайлан мэдээлэл харуулсны дараа бодлогын хүүг бууруулах шийдвэрийг гаргасан байна. Тус бүсийн инфляцын түвшин гурван жил гаруйн хугацаанд анх удаагаа Европын Төв банкны зорилтот түвшин болох 2 хувиас буурсан нь энэ юм. Өнгөрсөн сард инфляц буурсан нь эрчим хүчний зардал өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 6.1 хувиар буурсантай холбоотой ажээ.


Инфляцыг ялахад ойртож байна” гэж Францын Төв банкны Ерөнхийлөгч Франсуа Виллерой де Галхау өнгөрсөн долоо хоногт мэдэгдэж байв. Пүрэв гарагт болсон Европын Төв банкны хурлын өмнө тэрбээр хүүг бууруулах магадлал маш өндөр байна гэж хэлсний зэрэгцээ энэ шийдвэр бол сүүлчийнх биш гэдгийг дурдсан юм.


Коронавирусний цар тахал дэгдэж, Оросын цэрэг Украин руу довтолсны дараа өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өссөнөөр инфляц 2022 оны 10 дугаар сард дээд цэгт буюу 10.6 хувьд хүрч, улмаар Европын Төв банкийг хүүгээ огцом өсгөхөд хүргэсэн юм. Гэвч тус банкны бодлого боловсруулагчид нөхцөл байдал сайжирч байгааг харгалзан энэ онд хоёр удаагаа хүүг бууруулаад байлаа.


Франкфурт хотод төвтэй Европын Төв банк одоо 20 орноос бүрдэх еврогийн бүсийн эдийн засгийн өсөлт сул байгаад гол анхаарлаа хандуулж байна. Тус банкны өнгөрсөн сард танилцуулсан урьдчилсан таамаглалаар, еврогийн бүсийн өсөлт гуравдугаар улиралд 0.2 хувь, 2024 оны дүнгээр 0.8 хувь руу буурах төлөвтэй байна.

関連ニュース