“Боинг”-ийн ажилтнуудын цалинг 35 хувиар нэмэгдүүлэхээр тохиролцжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
b.adiyakhuu@montsame.gov.mn
2024-10-20 13:02:00

СИЭТЛ, 2024 оны аравдугаар сарын 20 /DW/. "Боинг" корпорацийн ажилтнуудын цалинг ирэх дөрвөн жилийн хугацаанд 35 хувиар нэмэгдүүлэхээр тус корпорацийн удирдлага ба үйлдвэрчний эвлэлийн байгууллагын төлөөлөгчид урьдчилан тохиролцжээ.


Энэхүү шинэ саналыг 23-ны өдөр ажил хаяж буй ажилтнуудад танилцуулах юм. Ингэснээр сард 1 тэрбум ам.долларын хохирол учруулж буй ажил хаялтыг зогсоохыг нисэх онгоц үйлдвэрлэгч корпорацийн удирдлага эрмэлзэж байна.  


Харин ажил хаялтад оролцогчид дээрх саналыг хүлээж авах уу гэдэг нь одоогоор тодорхойгүй байгаа юм. Өмнө нь Боинг корпорацийн удирдлага цалинг 25 хувиар нэмэгдүүлнэ хэмээн ажил хаягчдад санал болгосон боловч саналыг няцаажээ. Үүний дараа буюу долоо хоногийн өмнө тус компани 17 мянган ажлын байр буюу дэлхий даяарх бүх үйлдвэрийн нийт ажилтныхаа 10 хувийг  цомхотгох шийдвэр гаргасан байна.


“Агаар-сансрын салбарын машинчид ба ажилтнуудын олон улсын холбоо” гэдэг нэртэй үйлдвэрчний эвлэлийн байгууллага есдүгээр сарын дунд үеэс хойш ажил хаялтыг зохион байгуулж байгаа бөгөөд энэ нь 2008 оноос хойш анх удаа болж буй ажиллагаа юм. Боинг компани энэ оны гуравдугаар улиралд нийтдээ 5 тэрбум ам.долларын алдагдал хүлээсэн нь түүхэнд үзэгдээгүй өндөр тоо юм.


Одоогийн байдлаар, Сиэтл ба Портленд хотууд дахь үйлдвэрүүдийн 33 мянга орчим ажилтан цалингаа 40 хувиар нэмэгдүүлэхийг шаардан ажил хаясаар байна. 

関連ニュース