Р.Манчини Саудын Арабын шигшээ багийн ахлах дасгалжуулагчийн ажлаас чөлөөлөгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
Jargal.d@montsame.mn
2024-10-25 12:45:04

ЭР-РИЯД, 2024 оны аравдугаар сарын 25 /TASS/. Роберто Манчини Саудын Арабын хөл бөмбөгийн шигшээ багийн ахлах дасгалжуулагчийн ажлаас чөлөөлөгджээ. Энэ тухай шигшээ багийн хэвлэлийн алба мэдээлэв.


“La Gazzetta dello Sport” сонинд мэдээлснээр, тэрбээр гэрээгээ хугацаанаас өмнө цуцалсны төлөө 30 сая орчим еврогийн нөхөн төлбөр авах ажээ.


Р.Манчини Саудын Арабын шигшээ багийг энэ оны наймдугаар сараас хойш дасгалжуулсан юм. Түүний удирдлага дор Саудын Арабын шигшээ сүүлийн таван тоглолтод нэг удаа хожсон байна.


Өдгөө 59 настай Р.Манчини Саудын Арабт ирэхээсээ өмнө Италийн шигшээ багийг дасгалжуулч байсан юм. Энэ хугацаанд Италийн шигшээ 2021 онд Европын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж, Үндэстнүүдийн лигээс хоёр удаа (2021, 2023) хүрэл медаль хүртэж, 2022 оны ДАШТ-д шалгарч чадаагүй юм.


Тэрбээр мөн Италийн “Фиорентина”, “Лацио”, “Интер”, Английн “Манчестер Сити”, Туркийн “Галатасарай”, Санкт-Петербургийн “Зенит” багийг дасгалжуулж байжээ. "La Gazzetta dello Sport" сонинд бичсэнээр бол, Аргентины дасгалжуулагч Рамон Диас, Францын Эрве Ренар хоёрын хэн нэг нь итали дасгалжуулагчийн халааг авч магадгүй байна.


Р.Манчини дасгалжуулагч болохоосоо өмнө Италийн "Болонья", "Сампдория", "Лацио", Английн "Лестер" багуудад тоглож байсан бөгөөд Италийн шигшээ багийн бүрэлдэхүүнд багтаж ДАШТ-д (1990) түрүүлж, Европын аварга шалгаруулах тэмцээнээс (1988) хүрэл медаль хүртэж байжээ. 

関連ニュース