Я.Синнер “Парис Мастерс” тэмцээнд оролцохгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
khulan@montsame.gov.mn
2024-10-30 10:51:34

ПАРИС, 2024 оны аравдугаар сарын 30 /Reuters/. Дэлхийн чансааг тэргүүлж буй Италийн теннисчин Янник Синнер вирусний халдварын улмаас “Парис Мастерс” тэмцээнээс нэрээ татаж байгаагаа мягмар гарагт мэдэгджээ.


Дэлхийн чансааны нэгдүгээрт бичигдэж буй өдгөө 23 настай тэрбээр энэ сарын 20-нд Саудын Арабад болсон Six Kings Slam тэмцээний шувтаргын тоглолтод Карлос Алкаразыг ялж, 6 сая ам.долларын шагнал хүртсэн юм. “Paris Masters” тэмцээний сугалаанд түүний нэрийг Францын Артюр Казогоор сольжээ.


“Миний бие энэ тэмцээнд оролцох боломжгүй болсон тухайгаа та бүхэнд дуулгаж байгаадаа харамсаж байна. Бэлтгэл хийхээр энд маш эрт ирсэн боловч өвдчихлөө. Би вирусний халдвар авсан бөгөөд ойрын хоёр, гурван хоногийн дотор биеийн байдал маань сайжрах төлөвтэй байна. Гэвч биемахбод маань тэмцээнд оролцоход бэлэн биш байна. Ийм явдал болсонд маш их харамсаж байна. Та бүхэнтэй дараа жил Парист уулзъя” гэж Я.Синнер дүрс бичлэгээр дамжуулан хэлсэн байна.


Их дуулга”-ын 24 удаагийн аварга Новак Жокович мөн энэ оны сүүлчийн ATP Masters 1000” тэмцээн болох “Парис Мастерс” тэмцээнд оролцох боломжгүй болсон талаараа өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн юм.


Парисын тэмцээн 10 дугаар сарын 28-наас 11 дүгээр сарын 3-ны хооронд болно.  



関連ニュース