Үндэстнүүдийн лигийн хасагдах шатанд тоглох 8 баг тодорчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
МОСКВА, 2024 оны арваннэгдүгээр сарын 19 /ТАСС/. Үндэстнүүдийн лигийн А дивизионы нэгдүгээр хэсгийн сүүлчийн тоглолтод Хорватын шигшээ баг Португалын багтай 1:1 харьцаагаар тэнцсэнээр ¼-ийн хасагдах шатанд шалгарлаа.
Хэсгийн нөгөө тоглолтод
шотландчууд Польшийн багийг 2:1 харьцаагаар хожсон байна. Ингэснээр Португалын
баг 14 оноотойгоор хэсгээ тэргүүлж, удаад нь 8 оноотой хорватчууд, 7 оноотой
Шотландын баг, 4 оноотой Польшийн баг тус тус бичигдлээ. Польшийн баг В дивизион
руу “унасан” бол шотланчууд А дивизионд үлдэхийн тулд нэмэлт тоглолт хийнэ.
Харин IV хэсэгт Данийн баг
Сербийн шигшээтэй талбайд нь тоглож 0:0 харьцаагаар тэнцсэн бол испанчууд
Швейцарын багийг 3:2 харьцаагаар хожсон байна. Ингэснээр Испанийн шигшээ 16
оноотойгоор хэсгээ тэргүүлж, удаад нь Дани /8 оноо/, Серби /6 оноо/,
Швейцар /2 оноо/ бичигдлээ.
Плей-оффт тоглох 8 баг бол хэсгээ
тэргүүлсэн Португал, Франц, Герман, Испани, хэсгээсээ
хоёроор гарсан Хорват, Итали, Дани, Нидерландын багууд юм.
Хасагдах шатны сугалаа энэ сарын
22-нд явагдах бөгөөд эхний тоглолтууд 2025 оны гуравдугаар сарын 20-нд, хариу
тоглолтууд гуравдугаар сарын 23-нд, финалын тоглолт 6 дугаар сарын 8-нд болно.
Үндэстнүүдийн лигийн тэмцээн
дөрөвдэх удаагаа явагдаж байна. Өнгөрсөн хугацаанд Португал /2019/,
Франц/2021/, Испанийн /2023/ багууд аваргалсан байна. Үндэстний лигийн тэмцээн
бол 2026 оны ДАШТ-ний урьдчилан шалгаруулах үе шат юм.