ХӨВСГӨЛ: Улсын аварга малчин Л.Бадамханд жил бүр 15-21 тонн өвс, тэжээл бэлтгэдэг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2025-02-24 13:31:38

Мөрөн, 2025 оны хоёрдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Хавтага багийн малчин Л.Бадамханд 48 жил тасралтгүй мал маллаж байгаа бөгөөд залуу малчдад уламжлалт мал маллагааны арга ухааныг зааж сургадаг тэргүүний малчдын нэг юм.


Тэрбээр сар шинийн босгон дээр Улсын аварга малчин болж шагналыг УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн малчны хотонд ирж гардуулж өглөө.


Л.Бадамханд сүүлийн 3 жилд 881-1005 толгой мал тоолуулан, малын хорогдолгүй мал сүргээ онд оруулж, жил бүр мал сүрэгт шаардлагатай 15-21 тонн өвс, тэжээлийн нөөцийг бүрдүүлдэг хашир туршлагатай малчин юм.


Нийгмийн хариуцлагын хүрээнд 6 өрхийг туслах малчнаар ажиллуулж бод, бог нийлсэн 366 толгой малаар малжуулсан бөгөөд 1985 онд Энх сүрэгтэн, 1988 онд сумын Сайн малчин, 2017 онд аймгийн Аварга малчин, 2018 онд аймгийн Хошой аварга малчнаар тус тус шагнулсан байна.

 




関連ニュース