ХОВД: Дөл тэмцээнд зургаадугаар сургуулийн “Талын бүргэд” тасаг тэргүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант, 2025 оны гуравдугаар сарын 31 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн аварга шалгаруулах цэрэг-спортын цогцолбор “Дөл-2025” тэмцээн боллоо.
Тэмцээнд өмнөх долоо хоногт Жаргалант сумын ерөнхий боловсролын хоёр, гурав, зургаа, долоодугаар сургууль болон Цаст-Алтай, Прогресс, Булган сумын Минжит булган цогцолбор сургууль, Буянт, Дарви, Мянгад сумын сургуулиас 10 багийн 130 суралцагч оролцов.
Тэд жагсаалын болон гардан тулааны үзүүлэх тоглолт, цэргийн 16 тоот дасгал, биеийн тамирын норматив, гэрийн даалгавар, марш гүйлт, торон саад, тэмээ шат, эмнэлгийн норматив, химийн норматив зэрэг 10 даалгавар биелүүлж, хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлджээ.
Тэмцээний нийлбэр дүнгээр тэргүүн байрт Б.Уранчимэг дасгалжуулагчтай, М.Адъяаням ахлагчтай Жаргалант сумын ерөнхий боловсролын зургаадугаар сургуулийн “Талын бүргэд” тасаг шалгарч, шилжин явах цом, өргөмжлөл, алтан медаль авлаа.
Мөн тэмцээний дэд байрт Д.Болд дасгалжуулагчтай, Б.Эрдэнэбаяр ахлагчтай Булган сумын Минжит булган цогцолбор сургуулийн “Минжит Булган” тасаг шалгарсан бол гуравдугаар байрт Г.Баатарсүрэн дасгалжуулагчтай, О.Буянжаргал ахлагчтай Жаргалант сумын ерөнхий боловсролын гуравдугаар сургуулийн “Шонхрууд” тасаг шалгарчээ.
Тэргүүн байрт шалгарсан тасаг энэ оны зургаадугаар сард болох Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн ивээл дор, Батлан хамгаалахын сайдын нэрэмжит болгон зохион байгуулах улсын аварга шалгаруулах цэрэг-спортын “Дөл-2025” цогцолбор тэмцээнд оролцох эрхтэй болсон юм.
Өсвөр үе, залууст эх оронч үзэл төлөвшүүлэх, иргэн цэргийн харилцааг бэхжүүлэхэд тус тэмцээн чухал ач холбогдолтой.
Тэмцээнийг зохион байгуулахад Цэргийн штаб, Зэвсэгт хүчний 123 дугаар анги, Боловсролын газар, Биеийн тамир спортын газар тэргүүтэй олон байгууллага хамтран ажилласан тухай Ховд аймгийн ЗДТГ-аас мэдээллээ.
Дээрх тэмцээнийг жил бүр зохион байгуулдаг ба энэ жилийнх аймгийн Засаг даргын ивээл дор өрнөснөөрөө онцлогтой.