АРХАНГАЙ: Хагас зуун жилийн тэртээ хөрсний шинж чанарыг тодорхойлж байжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Эрдэнэбулган, 2025 оны дөрөвдүгээр сарын 3 /МОНЦАМЭ/. Архангай аймгийн хэмжээгээр Монгол-Оросын хамтарсан экспедиц 1972-1976 онд иж бүрэн ойн хөрсний судалгааг явуулж, хөрсний шинж чанарыг тодорхойлсон байдаг. Энэ судалгааны үр дүнд бүс нутгийн ойн хөрсний зонхилох шинжүүдийг тодорхойлсон байна. Үүнд:
- Уулт тайгын ширэгт-чандруувтар хөрсний бүслүүр
- Уулт ойт хээрийн, уулын ойн саарал ба уулын
хээрийн хүрэн хөрсний бүслүүр
- Хуурай хээрийн хүрэн хөрсний бүс гэж тодорхойлжээ.
Уулт тайгын ширэгт чандруувтар хөрсний бүслүүрт Хангайн уулсын бүс хамаарна. Тайгын ширэгт чандруувтар хөрс уулын бүх хажууг жигд бүрхэх нь ховор. Харин уулын энгэр талд нугат-хээрийн хар шороон хөрс нийтлэг тархана. Энэ бүслүүр бүхлээрээ олон жилийн цэвдгийн мужид багтах учраас хөрсний чийгшил, хөрс үүсвэрийн явцад цэвдгийн нөлөө их байдаг аж.
Уулт ойт хээрийн уулын саарал ба уулын хээрийн хүрэн хөрсний бүслүүрт Хангайн бэсрэг уулт нутаг багтана. Хар шороон ба ойн саарал хөрс ээлжлэн солигдох явдал голдуу уулын ар хажууд ажиглагдана. Уулт ойт хээрийн бүсийн өвөрмөц онцлог нь хар мод голлосон сийрэгдүү ойн саарал, хүрэвтэр саарал хөрс зөвхөн уулын ар хажууд тархаж, өвөр тал нь дан уулын хээрийн хүрэн хөрсөөр хучигдсан байдаг.
Ойт хээрийн бүсэд ойн хар саарал, саарал, хүрэвтэр саарал, ойн хүрэн хөрс тархсан уулт ойт хээрийн хөрс эрт үеэс эхлэн судлагдсан бөгөөд энэ бүсийн дийлэнх хэсгийг хээрийн хүрэн хөрс эзэлж, ойн саарал ба уулын хар шороон хөрс тун бага хувийг эзэлдэг байна.
Архангай аймгийн нутагт 1700 орчим зүйлийн ургамал ургадгаас монгол алтан хундага, алтан гагнуур, вансэмбэрүү, бамбай, ванжингарав, эрээгомбо, юмдүүжин, мягмансанжаа, хунчир, туйплан, шар, хөх дэгд, тарваган шийр, чихэр өвс, эмийн багваахай, цээнэ, сөд зэрэг эмийн болон ховор, нэн ховор ургамал их ургадаг.