АРХАНГАЙ: Хос хүрмэн хясааны дундах Бух хайрхан

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2025-04-10 15:10:46

Эрдэнэбулган, 2025 оны дөрөвдүгээр сарын 10 /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Цэцэрлэг сумын Чулуут багийн нутаг Идэр, Чулуут голын бэлчир дэх хос хүрмэн хясааны дунд хэвтэж буй бухын хэлбэртэй том чулууг Бух хайрхан шүтээн гэж нэрлэдэг. Ялангуяа сар шинийн дараа Архангай, Хөвсгөл, Булган, Завхан аймгийн ойролцоох сумдын иргэд зорин ирдэг.  


Хойд зүг рүү харж, хэвтсэн мэт тогтоцтой болохоор Хөвсгөл нутгийн үхэр сүрэг их өсдөг хэмээн бэлгэшээдэг. Тиймдээ ч Хөвсгөл аймгийн иргэд ялангуяа сар шинийн өдрүүдэд Бух хайрхныг зорьж, мал сүрэг, ажил үйлсээ даатган залбирах нь олонтоо.


Бух хайрханд мөргөх ёс

Хайрханд мөргөхдөө гадна талын гортигийг нар зөв гурав тойрч, идээ будаа, цай сүүнийхээ дээжийг хангай дэлхий, лус савдагтаа өргөнө. Гадна талын гортигийн үүдээр ороод хайрхандаа мөргөн, элс дээжээс нь амсаж, хүслээ шивнэнэ. Хайрхны элснээс их биш хэмжээгээр авч, өөрийн сүсгийн хэрээр хэрэглэнэ.


Тахилга зуны эхэн сард нар буцахаас өмнө болдог.

-Цай, идээ, сүүнийхээ дээжийг хайрхан шүтээнийхээ бие рүү цацах,

-Хадаг, шар тос, өрөм, ааруул бусад зүйлийг шүтээн дээр тавих,

-Эд өлгийн зүйл тавих, хайрхны орчмоос чулуу авах ховхлох, үдлэх, хоноглох,

-Тахилгын үеэр согтууруулах ундаа хэрэглэх, хэрүүл маргаан үүсгэх, тахилгын ёс журмыг алдагдуулах зэргийг хориглодог.


Мөн түүх соёлын дурсгалт газрын хууль дүрмийг мөрдөх /3 км дотор/, хайрханд мөргөөд элс дээжээс нь авсан хүн өдөртөө буцдаг заншлыг дагах, хайрхны орчимд тахилга, баярын үеэр хог хаягдлыг зохих газарт хаях зэргийг анхаарвал зохистой.


Домог

Эрт дээр үед энэ нутагт уул толгодын хоорондох тэнүүн талаар жаран бух бэлчээрлэдэг байж. Нэгэн удаа аюулт аварга могой гарч ирэн хавь орчны хүн амьтанд гай гамшиг учруулах болсон бөгөөд бэлчиж явсан бухнууд нөгөө могойтой тэмцэлдсэнээр хамгийн сүүлийн бух аймшигт могойг даран хэвтэж нутаг орноо амирлуулаад өөрөө чулуу болон мөнхөрсөн домогтой.


Жаран бухын бэлчиж явсан тэр тал дундуур урссан голыг Бухын гол гэнэ. Энд байгуулсан хүрээ хийдийг Бухын хүрээ гэж нэрлэдэг байжээ. Бух хайрхнаас хойш орших Чулуут, Идэр гол, Дэлгэр мөрний уулзвар үзэсгэлэнт газрыг Гурван голын бэлчир гэж нэрлэх бөгөөд аялагчид болон жуулчдын очих дуртай газар болжээ. 


関連ニュース