ДОРНОГОВЬ: Политехник коллежийн оюутнууд мэргэжлийн ур чадвараараа өрсөлдөж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Сайншанд, 2025 оны дөрөвдүгээр сарын 10 /МОНЦАМЭ/. Боловсролын яамны харьяа Дорноговь аймаг дахь Политехник коллежийн сургуулийн шатны “Монгол ур чадвар-2025” ур чадварын уралдаан өнөөдөр эхэллээ.
Энэ
жилийн уралдаанд есөн
мэргэжлийн 72 оролцогч авьяас чадвар, ур ухаанаа сорьж байгаа бол тэдний өрсөлдөөнийг тухайн салбарын
инженер, техникийн ажилтан, мэргэшсэн үнэлгээний ажилтнууд удирдамжийн дагуу шүүн явуулж байгаа юм.
Уралдаанд шалгарсан оролцогчид бүсийн
тэмцээнд оролцох бөгөөд амжилт гаргасан тохиолдолд улс, олон улсын тэмцээнд
оролцох эрхтэй болно.
Дээрх тэмцээнийг Боловсролын ерөнхий газрын даргын 2024 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн А/200 дугаар тушаалаар баталсан “Мэргэжлийн болон техникийн боловсролын ур чадварын уралдаан зохион байгуулах журам”-ын дагуу явуулж байна. Нээлтэд аймгийн Боловсролын газрын дарга М.Энхболд, Политехник коллежийн захирал Б.Адилбиш, Их, дээд болон мэргэжлийн боловсролын сургалт хариуцсан ахлах мэргэжилтэн М.Шүрэнцэцэг нар оролцжээ.
Тус коллеж Сайд нарын зөвлөлийн тогтоолоор анх 1986 онд Барилга, техник мэргэжлийн нэгдүгээр сургууль, 1989 онд Хөдөө аж ахуйн техник мэргэжлийн сургууль, 1992-2012 онд БШУЯ-ны харьяа Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, 2012-2020 он хүртэл ХНХЯ-ны Дорноговь аймаг дахь, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, 2022 оноос БШУЯ-ны харьяа Дорноговь аймаг дахь Политехник коллеж болон өргөжжээ.
“Монгол ур чадвар-2025” тэмцээнийг
дэлхийн ур чадварын тэмцээний стандарт жишгээр зохион байгуулснаар суралцагчдын мэргэжлийн ур чадвар сайжирч, өрсөлдөх чадвар дээшлэх чухал үүрэгтэй.