ХОВД: Хөдөө аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэн байгуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант, 2025 оны дөрөвдүгээр сарын 11 /МОНЦАМЭ/. Орон нутгийн удирдлагууд болон судлаачдын төлөөлөл өнөөдөр уулзаж, баруун бүсийн хөдөө аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэн байгуулах талаар ярилцлаа.
Орон нутагт хөдөө аж ахуйн салбарын хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх, эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх, бэлчээр, тариалангийн талбайг зүй зохистой ашиглах шинэ менежмент хэрэгжүүлэх, малчин, тариаланчдын хөдөлмөрийг хөнгөвчлөх технологи нэвтрүүлэх, мах, сүү, ноос, арьс, шир гэх мэт малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүнийг бэлтгэх, борлуулах тогтолцоог шинэчлэх хэрэгцээ, шаардлага бий.
Иймээс баруун бүсэд хөдөө аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэн байгуулахаар зорьж байна.
Энэ нь ирэх жилүүдэд бүс нутгийн хөдөө аж ахуйн салбарт тулгамдсан асуудлыг шинжлэх ухааны үндэслэлтэй шийдвэрлэх, шинэ технологи, инновац бий болгох, газар тариалан, мал аж ахуйн салбарын эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой.
Одоогоор баруун бүсийн хөдөө аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэн байгуулахаар ТЭЗҮ-ийг боловсруулж, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааг төлөвлөх, дахин судлах ажил үргэлжилж байгаа юм.


