Дэлхийн уран гулгалтын одод шилдэг үзүүлбэрээ толилуулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 22 /МОНЦАМЭ/. “Дэлхийн уран гулгалтын одод Монголд” гурав дахь удаагийн шоу тоглолт “Степп Арена” цогцолборт тавдугаар сарын 24, 25-нд болно.
Энэхүү шоунд Олимпын хошой мөнгө, дэлхийн хошой аварга, Европын хошой аварга Евгения Медведева, Олимпын аварга, дэлхийн дөрвөн удаагийн аварга, Европын гурван удаагийн аварга Алексей Ягудин, дэлхийн аварга, Европын аварга, Бүх Оросын аварга Елизавета Туктамышева, Олимпын хүрэл медальт, дэлхийн аварга, европын аварга Виктория Синицина, Никита Кацалапов, Олимпын мөнгөн медальт, дэлхийн аваргын хүрэл медальт Александр Энберт тэргүүтэй тив, дэлхийд алдартай тамирчид шилдгийн шилдэг үзүүлбэрээ толилуулахаар Монголд ирэх юм. Түүнчлэн Монгол, ОХУ, Гүрж, Беларусийн залуу тамирчид оролцохоор бэлтгэлээ хангаж байгаа аж.
Шоуны талаар “Степп Арена”-гийн менежер Ж.Санчир ярихдаа, “Монголд мэргэжлийн түвшинд уран гулгалтаар хичээллэж байгаа гурван тамирчин бий. Энэ удаагийн тоглолтод Монгол Улсаас О.Мишээл оролцоно. Уран гулгалтын зориулалтын талбайд мөсний чанар чухал бөгөөд мөс нь 3.5-4.5 хэмийн дулаан, мөсөө +50 хэмийн халуун усаар услах шаардлагатай. Бид энэ стандартын дагуу ажиллаж байгаа. Манай улсад 2023 оны нэгдүгээр сард Япон, Монголын хамтарсан “Тал нутгийн мөсөн шоу” болсон. Түүнчлэн 2023 оны тавдугаар сард “Уран гулгалтын одод Монголд” тоглолтод ОХУ-ын уран гулгалтын шилдэг 17 тамирчин ирсэн байдаг. Уран гулгалтын спортод таалагдсан үзүүлбэртээ баярласнаа илэрхийлж талбай руу чихмэл болон цэцгийн баглаа шиддэг уламжлал бий. Энэ соёлыг бид хэвшүүлнэ. Манай ордон 2670 хүний суудалтай бөгөөд өмнөх тоглолтын билет гурван өдрийн дотор дуусаж байсан” гэв.
Энэхүү шоунд “Никитон” хамтлагийн ахлагч, дуучин Б.Батчулуун дэлхийн хоёр удаагийн аварга Евгени Медведиватай, “Номин талст”-ын А.Хаянхярваа хосын төрлийн алдарт гулгагч Никита Кацалапов, Виктория Синицина нартай хамтарсан үзүүлбэр толилуулахаар бэлтгэж байгаа аж.
Спортын хүч чадлыг бүжиг, жүжиг, атлетик, хөгжим, гэрэл, физикийн элиментүүдтэй хослуулан мөсөн дээр тэшүүрээр ганцаараа болон хосоороо үсрэлт, харайлт, эргэлт, өргөлт цаашлаад нарийн эрсдэлтэй хөдөлгөөнүүдийг хийж гүйцэтгэдэг биеийн тамирын онцгой нэгэн төрөл бол уран гулгалт юм. Монголд олон улсын стандартад нийцсэн мөсөн талбайтай мөсөн өргөөг 2021 онд нээж, манай хүүхэд залуус уран гулгалтын спортоор эрчимтэй хичээллэж байна.
Монголд анхных болох “Тал нутгийн мөсөн шоу” 2023 онд Степпе Арена ордонд болж байв. Үүнийг Монголын тэшүүрийн холбооноос Японы тэшүүрийн холбоотой хамтран Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд зохион байгуулж байсан юм.
“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” гурав дахь удаагийн шоу тоглолтын тасалбарыг Ticket.mn сайтаас онлайнаар худалдаж авах боломжтой ажээ.