Их мастер Б.Мөнгөнтуул X байр эзэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. Олон улсын шатрын холбооноос зохиодог эмэгтэйчүүдийн гранпри цувралын 2024-2025 оны улирлын тавь дахь тэмцээн Энэтхэгийн Пуна хотод боллоо.
Шилдэг 10 шатарчин цугласан тэмцээний сүүлийн өргүүд өчигдөр болж, дэлхийн чансааны 88 дугаарт эрэмбэтэй “The MongolZ” багийн тоглогч, их мастер Б.Мөнгөнтуул аравдугаар байр эзэлж, 4000 еврогийн шагнал авчээ. Тэрбээр сүүлийн өрөгт Энэтхэгийн их мастер Харика Дронаваллитай хараар тоглон тэнцсэнээр 3.0 оноотой тэмцээнээ дуусгав. Пунагийн цуврал түүний оролцох ёстой сүүлийн тэмцээн байсан бөгөөд Б.Мөнгөнтуул есөн өрөг тоглохдоо хоёр хожил, хоёр тэнцээ, таван хожигдолтой энэ удаагийн аяллаа өндөрлүүлж байна. Ингэснээр түүний хувьд эмэгтэйчүүдийн гранпри тэмцээний 2025 оны улиралд 141 оноо цуглуулснаар хүснэгтийн 11 дүгээр байрт жагсаж эхэллээ.
Пунагийн цувралд Энэтхэгийн их мастер Хампи Конеру, Хятадын их мастер Жу Жинер нар ижилхэн долоон оноотой ч энэтхэг шатарчин коэффциентийн илүүгээр өмнө нь бичигдлээ. Ингэснээр тэд 2025 оны цувралд хүснэгтийн хоёр болон гуравдугаар байр руу дэвшсэн байна. Хампигийн тэмцээн дууссан ч “Women's Candidates 2026”-д оролцох боломжоо хадгалж үлдлээ.
Харин Жу Жинер энэ улирлын сүүлчийн тэмцээн болон Австрийн цувралд оролцох нь ээ. Уг цуврал нь ирэх сарын 5-нд Австрийн Гросслобминг хотод болох юм. Улмаар 2025 оны улиралд хамгийн их оноо цуглуулсан хоёр тамирчин “Women's Candidates 2026” тэмцээнд оролцож, дэлхийн аваргын төлөө өрсөлдөх юм.