ХОВД: Энэ онд 100 мянган мод тарина
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант, 2025 оны дөрөвдүгээр сарын 26 /МОНЦАМЭ/. Мод тарих нь хүний эрүүл мэнд, байгаль орчинд эерэг нөлөө үзүүлдэг.
Иймд Ховд аймгийн Байгаль орчны газраас мод тарих хүсэл байгаа ч хэрхэн, яаж гэдгийг мэдэхгүй байгаа иргэдэд зориулан зөвлөмж түгээлээ. Мод тарих улирал эхэлсэн гэдгийг мөн санууллаа.
Модыг хавар газар гэсэж эхэлснээс хойш буюу дөрөвдүгээр сарын дунд үеэс тавдугаар сарын сүүлч үе хүртэл мод навчлаад дуусах хугацаанд, мөн арваннэгдүгээр сар дуусахаас өмнө таривал хамгийн тохиромжтой юм. Энэ хугацаанд тарьсан мод сайн ургаж, арчилгаа хурдан авдаг.
Хаврын улиралд дөрөвдүгээр сарын 20-ны өдрөөс тавдугаар сарын 20-ны өдрийн хооронд мод тарих тохиромжтой. Харин энэ хугацаанаас хоцорсон тохиолдолд бортгон савтай суулгац буюу далд үндэсний системтэй суулгацыг тарьж болно.
Тарьц гэж мод үржүүлгийн газарт үр болон мөчрөөр ургуулсан 1-2 настай модлог ургамлыг хэлнэ. Харин суулгац гэж 1-2 настай тарьцыг бойжуулгын талбайд шилжүүлэн суулгаж гурваас дээш жил ургуулсан модлог ургамлыг хэлдэг.
Модны хэмжээнээс шалтгаалан нүх буюу тогоогоо ухаж бэлтгэнэ. Хоёр метр орчим өндөртэй суулгацад 50х70 см диаметртэй тогоо ухаж бэлтгэх шаардлагатай. Суулгац тарихын урд өдөр нь ухаад бэлэн болгосон тогоогоо усаар дүүргэж хонуулбал их сайн.
Мод тарьж, ургуулахад хамгийн чухал зүйл нь хөрс. Хөрсөө 50 хувь хар шороо, 30 хувь элс, 20 хувьд нь бордоо байхаар хольж бэлтгэх хэрэгтэй. Үндсийг огт гэмтээж болохгүй.
Тогоо /нүх/-ны гол хэсэгт суулгацын үндсийг нугалж, гэмтээхгүйгээр жигд тараан суулгана. Суулгацын үндсийг гэмтээхээс сэргийлэн хөрсийг бага багаар үндэсний хүзүүвч хүртэл дүүртэл хийж сайтар чигжиж өгнө. Тогооны ирмэгээс доош ердөө 20 см зай үлдэх ёстойг анхаараарай. Ингээд модоо суулгасны дараа тогоог дүүртэл усална. Ус шингэж дуусмагц дахин тогоог дүүртэл усална.
Тарьсан модыг хаврын улиралд тав хоногт нэг удаа, зуны улиралд 2-3 хоногт нэг удаа тогоог дүүртэл усална. Намрын улиралд цэнэг усалгаа буюу ус хөрсөнд нэвчихгүй болтол тогоог дүүртэл услаад хөлдсөн чигээр нь өвөлжүүлнэ. Ийнхүү зөв аргачлалаар мод тарьж, тарилтын дараах арчилгааг сайтар хийж, модоо ургуулснаар олон талын ашиг тустай.
"Мод тарих нь чухал ч, тарьсан модоо арчилж ургуулах нь хамгийн чухал юм. Урин дулаан цаг айлчилж буй энэ үед гэр бүл, найз нөхөд, байгууллага, хамт олноороо нэгдэн мод тарьж, цагийг үр бүтээлтэй өнгөрөөж, орчноо сайжруулцгаая" хэмээн байгаль орчны салбарынхан уриаллаа.
Нэг га ой мод 18 сая шоо метр агаарыг шүүн цэвэршүүлж, хүчилтөрөгч ялгаруулдгаас гадна утаа, униарын 30-35 хувийг өөртөө шингээдэг. Ялангуяа навчит мод дуу чимээг 25 хувь замхруулах ба тоос шороог 21-76 хувь хүртэл багасгадаг. Үүнээс гадна хүний сэтгэл санааны тогтвортой байдал, эрүүл мэндэд ач тустай юм.
Ховд аймаг өнгөрсөн онд "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөн, бүх нийтээр мод тарих өдрөөр 175 мянган мод тарьсан. Тэгвэл энэ онд 100 мянган мод тарихаар урьдчилсан байдлаар төлөвлөжээ. Мөн сумдад ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, хог хаягдлыг багасгах ажил үе шаттай хэрэгжинэ.
Судалгаагаар Ховд аймгийн нутаг дэвсгэрийн 90 гаруй хувь нь их, бага хэмжээгээр цөлжилт, газрын доройтолд өртсөн. Иймээс тус аймаг Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд 20 сая мод тарихаар зорьж буй.
Үндэсний хөдөлгөөн эхэлснээс хойш Ховдынхон 360 мянган мод тарьсан ба ургалтын байдал 70 орчим хувьтай явж байна. Энэ нь зарим сумын нутагт услалтын систем, арчилгаа, хамгаалалт тааруу байгаатай холбоотой юм.