Т.Баярмаа: Үл хөдлөх хөрөнгийн албан татварыг гурван үнэлгээгээр тооцож байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 30 /МОНЦАМЭ/. Үл хөдлөх хөрөнгийн албан татварын талаар ТЕГ-ын ТТҮГ-ын Бүртгэлийн хэлтсийн дарга Т.Баярмаатай ярилцлаа.
-Иргэд үл хөдлөх хөрөнгөтэй байх юм бол
ямар татвар төлөх вэ?
-Хөрөнгийн татвараа дундаасаа үл хөдлөх
эд хөрөнгийн албан татварын талаарх мэдээллийг өгье. Үл хөдлөх эд хөрөнгийн
албан татвар нь Монгол Улсын үл хөдлөх хөрөнгийн албан татварын тухай хууль, Иргэний
хууль, бусад хуультай нийцүүлэн хэрэгждэг. Тэгэхээр Монгол Улсад үл хөдлөх
хөрөнгө эзэмшиж, өмчилж байгаа иргэн, хуулийн этгээд, гадаадын иргэн, хуулийн
этгээд бүгд хуулийн хүрээнд албан
татварыг төлөх үүрэгтэй бөгөөд үл хөдлөх хөрөнгийг өмчилж байгаа бүхий л
өмчлөгчид маань энэ албан татварыг төлдөг.
Үл хөдлөх хөрөнгийн төрөл,
зориулалтаасаа хамаараад үл хөдлөх хөрөнгийн албан татварын хувь хэмжээг орон
нутаг өөрөө тодорхойлдог.
Үл хөдлөх хөрөнгийн албан татварыг аймаг,
нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, улсын зэрэглэлтэй хотын Зөвлөл тухайн
хөрөнгийн байршил, зориулалт, хэмжээ, зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн байдлыг
харгалзан 0.6-2.0 хувиар тооцож ногдуулна.
Үл хөдлөх хөрөнгийнхөө албан татварын
үнэлгээг тооцохдоо
-Улсын бүртгэл хийсэн үнийн дүн
-Даатгалын гэрээнд тусгасан үнийн дүн
-Санхүүгийн бүртгэл хийсэн үнийн дүн гэсэн гурванг үнэлгээгээр үл хөдлөх хөрөнгийнхөө албан татварын
тооцох үнэлгээг тооцдог.
Нийслэлийн хэмжээнд одоогоор хуулийн
дагуу 0,6-1 хувийн хувь хэмжээг мөрдөнө. Тэгэхдээ Улаанбаатар хотод байрлаж
байгаа энэ газар нутгийн хэмжээг 5 бүсчлэлд хуваагаад аль бүсчлэлд хамаарч
байгаагаасаа хамаараад хувь хэмжээ өөр өөрөөр тооцогдож байна.
Үл хөдлөх хөрөнгийн албан татварыг
төлөхөөс гадна үл хөдлөх хөрөнгийн албан татвараас чөлөөлөгдөх харилцаа байдаг. Энэхүү
чөлөөлөгдөх харилцаанд улсын төсвөөр санхүүждэг бүх хуулийн этгээдийн үл хөдлөх
хөрөнгийг албан татвараас чөлөөлөгддөг.
Хуульд 2022 онд нэмэлт өөрчлөлт орсноор иргэн, хуулийн этгээдийн 2 орон сууц албан татвараас чөлөөлөгдөөд 2-оос дээш орон сууц өмчилдөг бол 3 дахь орон сууцнаас эхлээд албан татвар ногдуулах харилцаа үйлчилдэг болсон. Өмнөх хуульд иргэн хуулийн этгээдийн өмчилдөг орон сууц татвараас бүрэн чөлөөлөгддөг байсан.
Орон сууц гэдэг өгөгдөлд орон сууцны
тухай хуулиар амьдран суух зориулалттай байшин, хувийн сууц, зуслангийн сууц, орон
сууцны барилга байшин орно. И-монголиагаас харахад та хэд хэчнээн үл хөдлөх
хөрөнгөтэй байна гэдэг нь гараад ирдэг болсон.
Авто зогсоол, гарааш нь орон сууц гэсэн
өгөгдөлд хамаарахгүй мөн үл хөдлөх хөрөнгийн шинжийг агуулдаг өмчлөл нь
тодорхой байдаг тул тул хуулийн дагуу албан
татвар ногдуулдаг.
Үл хөдлөх хөрөнгийн албан татвараа
ногдуулахдаа жил болгоны 1 дүгээр сарын 15-ны байдлаарх үнэлгээг үндэслэн тухайн жилийн албан татвараа ногдуулдаг.
Тухайн жилийн 1 дүгээр сарын 15-ны өдөр
гэсэн хуулийн хугацаа барьчихаар үүнээс хойших
хугацаанд үл хөдлөхийг худалддаг, борлуулдаг эсхүл 2 орон сууцтай байж байгаад
3 дахиа хугацааны дундуур худалдан авах бол авсан хугацаанаасаа хойш албан
татвар бодогдоно. Эсвэл эсрэгээрээ 3 орон сууцтай байж байгаад худалдаж болно. Тэгэхээр
худалдсан хугацаанаас хойших, худалдсан хугацааны хүртэлх татвараа тооцуулаад
тэрнээс хойш татвар төлөхгүй байх уян хатан нөхцөлтэй.
Татвар төлөгч нь татвараас чөлөөлүүлэх 2
орон сууцаа өөрөө сонгох эрхийг үлдээсэн. Үл хөдлөх хөрөнгийн хуулийн хүрээнд
баталсан татварын хувь хэмжээ өөр тул миний хөрөнгө хаана байрлаж байна гэдгээсээ
хамаараад үнийн дүнгээс өөр өөр хувь
хэмжээгээр татвар ногдож болно.
Татвар төлөгч сонголтыг цахим татварын
систем, и-баримт аппликэйшн хандаж сонголт хийх боломжтой.
-Хамтран өмчлөгчөөр бүртгэлтэй тохиолдолд
иргэний нэр дээр орон сууцанд татвар хэрхэн ногдуулах вэ?
-Хамтран өмчлөгч өөрөө амьдардаггүй
байсан ч гэсэн аав ээжийнхээ орон сууц дээр хамтран өмчлөгчөөр нэр байдаг. Энэ
нь 2 дахь, 3 дахь орон сууц гэсэн тоонд ордог. Татвар ногдуулах үл хөдлөх
хөрөнгөөр сонгосон тохиолдолд татварыг хувь тэнцүүлсэн байдлаар ногдуулан төлөх
зохицуулалттай.
Жишээлбэл, 2 иргэн нийлээд 3 орон сууцтай гэж үзэх юм болбол хувь тэнцүүлсэн буюу тухайн орон сууцыг 50, 50 хувь эзэмшдэг гэдэг утгаараа үл хөдлөх хөрөнгийн албан татвараа мөн хуваан төлөх боломжтой.
Татвар төлөгч нь 3 орон сууцнаасаа
чөлөөлүүлэх сонголтоо системд илгээгээгүй тохиолдолд журмын дагуу эхэлж авсан буюу үл
хөдлөх хөрөнгийг өмчилсөн хугацаагаар нь 2 хөрөнгийг чөлөөлөөд сүүлд авсан
хөрөнгө дээр татварын ногдол үүсгэдэг. Энэ тохиолдол өөрөө сонголтоо хийгээгүй
журмын дагуу явчихдаг учраас арай илүү нөгөө өндөр төлөх дүн дээр ноогдол
үүсэх магадлалтай тул иргэд энэ талаар бас анхаараад үзээрэй.
Дараагийн нэг тохиолдол нь насанд хүрээгүй хүүхдүүд хөрөнгө өмчилдөг. Өөрөөр хэлбэл аав ээжтэйгээ хамт нэг орон сууц дээр нэр нь орчихсон байдаг. Энэ тохиолдолд насанд хүрсэн буюу эцэг эх, асран хамгаалагчийнхаа нэрээр төлөөлүүлдэг, татвар төлөгчийн харилцаа үүсдэг, магадгүй хүүхэд 3 орон сууцтай болбол өөрөө албан татвар төлөгч болдог.
Тиймээс иргэд И-монголиа руу нэвтрэн энэ
талын мэдээллээ давхар хянах нь зүйтэй юм.
Иргэн татвар ногдуулах хөрөнгийн
сонголтоо хийж амжаагүй бол үл хөдлөх хөрөнгийн албан татварын жилийн эцсийн тайланг
дараа оны 1 дүгээр сарын 15-наас 12 дугаар сарын 15-ны дотор өгөх боломжтой. Тайлангаар
тухайн жилд чөлөөлүүлэх хөрөнгөө сонгох боломжтой юм. Үл хөдлөх хөрөнгийн албан
татварын төлөлтийг иргэн жил бүрийн 2 дугаар сарын 15-ны дотор, хуулийн этгээд
жилдээ 4 хуваагаад улирал бүрийн сүүлийн сарын 15-ны дотор төлж болно.
-Тээврийн хэрэгсэлд албан татвар
ногдуулах ямар ямар зохицуулалттай байдаг вэ?
-Монгол Улсын авто тээвэр болон өөрөө
явагч хэрэгслийн албан татварын хуульд тээврийн хэрэгслийг ашиглаж байгаагаас
үл хамаараад албан татвар төлнө гэж заасан. Энэ нь таны нэр дээр бүртгэлтэй, бусдад
зарж шилжүүлээгүй тээврийн хэрэгслийг унаж байгаа эсэхээсээ үл хамааран жил бүр
албан татвараа төлнө гэсэн ойлголт юм.
Иргэдийн дунд нийтлэг гаргадаг алдаа нь тээврийн
хэрэгслийг хэн нэгэнд худалдаад үүнийгээ ашиглахгүй байгаа учраас өөртөө
хамаагүй болсон гэсэн ойлголттой болдог. Гэтэл тухайн өмчлөгчийн эзэмшигчийн
нэр шилжээгүй байдаг.
Нэр шилжээгүйгээсээ тээврийн хэрэгслийн
татвар нь хуримтлагдаад татварын өр үүсдэг. Тиймээс иргэн И-монголиа системд
хандаж тээврийн хэрэгслийн эзэмшлийн бүх
түүх, мэдээллээ шалгаад байх боломжтой тул лавлагаанаас үзээрэй. Магадгүй таны
худалдсан эсвэл бусдад өгчихсөн тээврийн хэрэгсэл таны нэр дээр байх юм бол
татварын өр тань дээр үүсэх тул шалгаад үзээрэй .
Дараагийн нэг анхаарах зүйл нь явахаа ч
больчихсон, гарааш, зуслангийнхаа газарт ч юм уу орхичихдог, цаашаа төмөрт
өгдөг, эд ангийг салгаад задлаад зардаг. Эдгээр тээврийн хэрэгслийг улсын
бүртгэлээс хасуулаагүй учраас дугаар болон бусад бүх мэдээлэл бүртгэлтэй тул татвар
төлөх үндэслэл нь болдог.
Тиймээс хөрөнгийг эзэмшиж болон өмчилж
байх хугацааныхаа татварыг та төлөх ёстой байдаг.
Тээврийн хэрэгслийг унаж ашиглахаа
больсон болбол хамгийн түрүүнд бүртгэлийн байгууллагад очоод хасуулах үйлдлийг
хийх ёстой. Ингэснээр албан татвар дараагийн улирлаас эхлээд зогсдог.
Мөн нотариатаар шилжүүлэх харилцааг
нөгөө тал заавал бүртгэлийн байгууллагадаа очоод бүртгүүлэх ёстой. Зарим
тохиолдолд бүртгүүлээгүй явчихсан тохиолдол байдаг. Энэ нь таны нэр дээр
тээврийн хэрэгслийн татварууд үүснэ. Тиймээс борлуулж байгаа хүн ч гэсэн АТҮТ-д
очоод бүртгүүлээд өөрийнхөө нэр дээрээс хас шилжүүлэх боломж нээлттэй байдаг.
-Татварын алба “татвар төлөгчид зөвлөн
тусалъя” уриатай ажиллаж байгаа. Энэ тухайд?
-Татвар төлөгчид аль болохоор зөвлөх
мэдээллийг бүрэн хүргэх, татвар төлөгчөө эрсдэлээс хамгаалахын тулд бүхий л мэдээллээ
хуулийн болон бусад хамааралтай мэдээллүүдийг хүргэх чиглэлээр ажиллаж байгаа. Цахим
төлбөрийн баримтын систем, И баримтын системд ухаалаг туслагч зөгий оруулчихсан.
Манай ухаалаг туслагчаас зөвлөгөө мэдээллээ 24 цагаар авах боломжтой. Иргэд И-монголиа,
И-баримт, Татварын ерөнхий газрын албан ёсны веб сайтаар зочлон энэ талын
мэдээллийг авах боломжтой.