Цөлжилттэй тэмцэх үйл хэрэгт нэгдэхээ илэрхийлжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 14 /МОНЦАМЭ/. Хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд цөлжилттэй тэмцэх дэлхийн үйл хэрэгт нэгдэхээ илэрхийлж байна.
Учир нь Улаанбаатар хотод 2026 оны наймдугаар сарын 17-28-нд зохион байгуулах НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурлыг угтан өчигдөр “Эрүүл газрын төлөө Монголын бизнесийн төлөө” хэлэлцүүлэг хийх үеэр илэрхийлсэн байна. Монголын Бизнесийн зөвлөл, Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг зохион байгуулах Үндэсний хорооны Ажлын алба “Хамтран ажиллах тухай санамж бичиг” байгуулж, төр, хувийн хэвшлийн түншлэлийн шинэ шатыг эхлүүллээ.
Дээрх хэлэлцүүлгийг БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар нээж хэлсэн үгэндээ дэлхий нийтэд газрын доройтлыг шийдэхэд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа нэн чухлыг онцолсон юм. Тэрбээр, “Дэлхийн эх газрын бараг 40 хувь нь доройтсон. Жил бүр мод огтолж, хотжилт, хөдөө аж ахуйн зохисгүй үйл ажиллагааны улмаас 100 сая га орчим газар эдийн засгийн эргэлтээс гарч байна. Монгол Улсад газрын доройтол голчлон бэлчээрийн доройтлоор илэрч, хүлэмжийн хийн ялгарлын нэг гол эх үүсвэр болж байна” хэмээв.

Мөн Монгол
Улс Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг
зохион байгуулахдаа олон улсын зочин,
төлөөлөгчийг хүлээн авахын зэрэгцээ манлайлагч, урам зориг өгөгч улс байхыг
зорьж буйгаа тэмдэглэжээ.
Хэлэлцүүлэгт төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн болон олон улсын түншлэгч төлөөлөгчид оролцож, газрын доройтлыг багасгах, тогтвортой бизнесийн шийдэл, ногоон хөрөнгө оруулалтыг дэмжих
чиглэлээр санал бодлоо хуваалцав.
Ulaanbaatar