ХОВД: Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг өдөр тохиож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2025-04-30 17:06:51

Жаргалант, 2025 оны дөрөвдүгээр сарын 30 /МОНЦАМЭ/. Хүүхдийг зодож шийтгэхгүй байх олон улсын өдөр өнөөдөр тохиож байна. 


Хүүхдийн бие махбод, сэтгэл санааны шийтгэлийг таслан зогсоохын чухлыг олон нийтэд сануулах үүднээс уг өдрийг жил бүрийн дөрөвдүгээр сарын 30-нд тэмдэглэдэг уламжлалтай. 


Монгол Улс бүх орчинд хүүхдийг зодож шийтгэхийг хуулиар хориглосон байдаг.  

Хүүхэд хамгааллын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4-т “Эцэг, эхэд хүүхэдтэй холбоотой эрхээ урвуулан ашиглах, хүүхдийг үл хайхрах, зүй бус харьцах, бие махбодын шийтгэл хэрэглэх, гутаан доромжлохыг хориглоно” гэж заасан. 


Өнөөдөр Ховдынхон хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөрт зориулсан “Хүчээр биш хайраар хүмүүжүүлье” өдөрлөгийг Ард Аюушын талбайд зохион байгууллаа.


Ховд аймгийн хүн амын 40 гаруй хувь нь хүүхэд юм. Тус аймагт одоогоор 36 мянга гаруй хүүхэд амьдарч байна.


Энэ удаагийн өдөрлөгт 500 орчим хүүхэд оролцсон ба урлагийн үзүүлбэр сонирхууллаа. Тус өдөрлөг нь хүүхэд хөгжүүлэх, хүмүүжүүлэх эерэг аргыг сурталчлахад чиглэж буй.  


関連ニュース