ЗАВХАН: Хүүхэд залуучууд байгальд ээлтэй байх тунхаг бичиг гаргажээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай, 2025 оны тавдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн байгальд ээлтэй хүүхэд, залуус чуулж тунхаг бичиг гаргажээ.
Завхан аймгийн ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн сурагчдад байгаль орчинд тулгамдаж буй асуудал, өв соёл, уур амьсгалын өөрчлөлт, тогтвортой хөгжлийн талаарх мэдлэг олгох зорилготой чууллаа.
Энэ чуулганд 60 гаруй хүүхэд, залуус оролцож шийдвэр гаргагч нарт хүргэх тунхаг бичгийг гаргалаа.
Тэд томчууд биднийг бүх түвшний шийдвэр гаргах явцдаа залуусын оролцоог нэмэгдүүлэх. Байгаль орчинтой холбоотой гаргаж буй шийдвэр тогтоолуудаа байгальд ээлтэйгээр гаргахыг уриаллаа.
Мөн байгаль орчноо хамгаалахад дагаж мөрдөх, чуулганаас гаргасан тунхаг бичгийг боловсруулж манай байгууллагад гардуулан өглөө.
Энэхүү тунхаг бичигт байгаль орчны хамгаалалт ба экосистемийн тухайд халдашгүй дархан байдлыг хуулиар бүрэн хамгаалах. Цахилгаанаа хэмнэж, мод тарьж, байгальд ээлтэй амьдралын зөв хэвшлийг эзэмших нь уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх бидний бодит алхам юм.
Нарны цахилгаан станцыг сумдад суурилуулж өгвөл манай аймаг бие даасан цахилгааны эх үүсвэртэй болно. Гэхчлэн байгальд ээлтэй бодлогыг шийдвэр гаргах түвшинд гаргах. Ингэхдээ бүх талын оролцоог хангаж үүрэгжүүлэх.
Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг эерэг дадлыг иргэдэд таниулах үйл ажиллагааг тогтмол явуулах. Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадвартай болоход хүүхдүүдэд таниулах мэдээллийг тогтмол өгөхийг уриалсан байна гэж Завхан аймгийн Байгаль орчны газраас мэдээлэв.
Байгальд ээлтэй ирээдүйг бэлтгэхэд томоохон хувь нэмэр оруулсан үйл ажиллагааг Монгол экологи төв болон Завхан аймгийн ЗДТГ, аймгийн Боловсролын газар, аймгийн Байгаль орчны газар, аймгийн Соёл урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар, аймгийн Хүүхэд гэр бүл, хөгжил хамгааллын газрууд хамтран зохион байгуулсан байна.
Хүүхдүүд бүлгийн ажлын үеэр
Тунхаг бичгийг боловсруулж гаргажээ