Улсын дугаар, гэрчилгээтэй суррон, мопедыг хөдөлгөөнд оролцуулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Мотоциклын ангилалд хамаардаг суррон, мопедыг тээврийн хэрэгслийн үзлэгт оруулж, гэрчилгээ, улсын дугаар олгож, хөдөлгөөнд оролцуулна.
Энэ талаар нийслэлийн Автотээврийн хэрэгслийн бүртгэл, хяналтын төвийн дарга Э.Ниндэв ярихдаа, “Урин дулаан цаг ирсэнтэй холбоотой хоёр дугуйт тээврийн хэрэгслийн тоо огцом нэмэгдсэн. Өөрөөр хэлбэл, суррон, скүүтэр, мопедыг мотоциклын төрлийн тээврийн хэрэгслээр бүртгэдэг. Тиймээс суррон, мопедтой хөдөлгөөнд оролцохдоо мотоцикл, автомашины адил тээврийн хэрэгсэл гэж үзэх хэрэгтэй. Тухайн тээврийн хэрэгслийн гарал үүсэл, гаалийн бичигтэй техникийн хяналтын үзлэг, оношилгоонд орж бүртгүүлснээр тээврийн хэрэгслийн гэрчилгээ, улсын дугаарыг авна” гэв.
Албаныхны мэдээлснээр суррон, скүүтэр, мопедыг 16-аас дээш насныхан хэрэглэх, цаашлаад тээврийн хэрэгслийн гэрчилгээ, улсын дугаар аваагүй бол хөдөлгөөнд оролцуулахгүй ажээ.