Польшийн ерөнхийлөгчийн сонгуульд Р.Тшасковский ялах төлөвтэй байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2025-06-02 11:21:01

ВАРШАВ, 2025 оны зургаадугаар сарын 2 /PAP/. Польш улсад ням гарагт болсон ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шатны санал хураалтад эрх баригч намын нэр дэвшигч Рафал Тшасковский 50.3 хувийн саналаар ялсан бол бие даан нэр дэвшигч Кароль Навроцкий 49.7 хувийн санал авсныг сонгогчдыг саналаа өгсний дараа явуулсан санал асуулгын дүн харуулжээ. 


Р.Тшасковский сонгуульд ялсныг Сонгуулийн үндэсний хорооноос баталвал тэрбээр ирэх наймдугаар сараас эхлэн Польшийн Ерөнхийлөгчийн албыг таван жилийн хугацаанд хашина. Тавдугаар сарын 18-нд болсон ерөнхийлөгчийн сонгуулийн эхний шатанд Варшав хотын дарга, эрх баригч Иргэний эвсэл” намын нэр дэвшигч Р.Тшасковский 31.36 хувийн саналаар мөн ялсан юм. Харин К.Навроцкий эхний шатанд 29.54 хувийн санал авсан байна. Түүнийг өмнөх эрх баригч нам болох Хууль ба Шударга ёс” нам дэмжиж байгаа юм. 


Энэ удаагийн сонгуулиар сонгогчдын ирц харьцангуй өндөр буюу 72 хувьтай гарчээ. Сонгогчдыг саналаа өгсний дараа явуулсан санал асуулгын дүн гарсны дараа Р.Тшасковский мэдэгдэхдээ, “Бид яллаа, гэхдээ саналын зөрүү маш ойрхон байна” гэжээ. Тэрбээр мөн санал бүр үнэ цэнтэй гэдгийг сурталчилгааныхаа эхнээс онцолж байснаа дурдсан байна.


Үүний зэрэгцээ К.Навроцкий дэмжигчдэдээ хандан “Бид ялж, Польшийг аврах болно” хэмээн хэлсэн нь сонгогчдын саналын зөрүү маш бага байгаа тул албан ёсны дүнгээр өөрчлөгдөж магадгүйг илтгэжээ. Польшийн 16 мужаас 10-д нь Р.Тшасковский ялсан бол түүний өрсөлдөгч К.Навроцкий үлдсэн зургаад нь нэгдүгээрт орсныг санал асуулгын дүн харуулж байна.


Варшав хотын дарга Польшийн хойд, төв, баруун, баруун өмнөд мужуудад ялалт байгуулсан бол К.Навроцкий зүүн, зүүн өмнөд, өмнөд бүс, төвийн нэг мужид илүүрхжээ. Хотын ихэнх сонгогч Р.Тшасковскийг дэмжсэн бол орон нутгийн иргэд К.Навроцкийг голдуу дэмжсэн байна.


Орон нутгийн цагаар даваа гаргийн үдээс өмнө Сонгуулийн үндэсний хороо сонгуулийн албан ёсны дүнг танилцуулна. 

関連ニュース