ДАШТ-д оролцох жүдочдын эхний хэсэг Будапештыг зорилоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-06-10 09:36:22

Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Унгарын Будапешт хотод энэ сарын 13-нд эхэлнэ.


Тус тэмцээнд 93 орны 560 гаруй тамирчин оролцох бөгөөд манай улсаас эрэгтэй, эмэгтэй тус бүр долоон жинд нийт 18 жүдоч зодоглохоор мэдүүлэг өгсөн. Тэгвэл тамирчдын нэгдүгээр ээлж Унгарын Будапешт хотын өнөөдөр зүг хүлгийн жолоо залав. Тодруулбал, эмэгтэйчүүдийн 48, 52, 57, эрэгтэйчүүдийн 60, 66, 73 кг-ын жингийнхэн ахлах дасгалжуулагч У.Эрдэнэбаатар, дасгалжуулагч Ч.Болдбаатар, П.Нямлхагва, М.Бундмаа нарын удирдлагад явж байна.


“Будапешт-2025” тэмцээнд оролцох бүрэлдэхүүнийг танилцуулъя.


Эрэгтэй

60 кг: Э. Ариунболд, К.Ёолк

66 кг: Ё.Басхүү, Б.Эрхэмбаяр

73 кг: Л.Анхзаяа, О.Уранбаяр

81 кг: О.Шинэбаяр

90 кг: Б.Хүдэрчулуун

+100 кг: Б.Гончигсүрэн

Эмэгтэй

48 кг: Г.Наранцэцэг, Ж.Анударь

52 кг: Л.Сосорбарам

57 кг: Т.Ариунзаяа

63 кг: Л.Энхрийлэн, Б.Ганхайч

70 кг: Д.Есүй, Б.Ням-Эрдэнэ

+78 кг: А.Адъяасүрэн

Холимог баг: 90 кг-д Ц.Ган-Эрдэнэ, +78 кг-д Д.Номинзул нар оролцоно.


Манай жүдочдоос К.Ёолк, О.Уранбаяр, О.Шинэбаяр, Б.Хүдэрчулуун, Ж.Анударь, Т.Ариунзаяа, Д.Есүй нар насанд хүрэгчдийн ДАШТ-д анх удаа оролцож байна. Тэгвэл Б.Ганхайч хамгийн олон буюу долоо дахиа дэлхийн дэвжээнд барилдах юм.


Энэ удаагийн тэмцээний шагналын сан 998 мянган евро. Түрүүлсэн бөх 20800, үзүүрлэсэн нь 12000, хүрэл медаль хүртвэл 6400 еврогийн шагнал хүртэнэ. Тэгвэл холимог багийн ДАШТ-ий алтан медалийг 72000, мөнгийг 48000, хүрлийг 20000 мянган евро дагалдах ажээ.


ДАШТ-ийг С1 телевиз найм хоногийн турш албан ёсны онцгой эрхтэйгээр эх орон даяар шууд дамжуулна. Хэсгийн барилдаан 17:00, 17:30 цагт эхлэх бол медалийн төлөөх барилдаан 00:00 цагт эхэлнэ. Хуваарийг танилцуулъя.

Зургаадугаар сарын 13: Эрэгтэй 60 кг, эмэгтэй 48 кг /17:30 цагт/

Зургаадугаар сарын 14: Эрэгтэй 66 кг, эмэгтэй 52 кг /17:00 цагт/

Зургаадугаар сарын 15: Эрэгтэй 73 кг, эмэгтэй 57 кг /17:30 цагт/

Зургаадугаар сарын 16: Эрэгтэй 81 кг, эмэгтэй 63 кг /17:00 цагт/

Зургаадугаар сарын 17: Эрэгтэй 90 кг, эмэгтэй 70 кг /17:00 цагт/

Зургаадугаар сарын 18: Эрэгтэй -100 кг, эмэгтэй -78 кг /17:00 цагт/

Зургаадугаар сарын 19: Эрэгтэй +100 кг, эмэгтэй +78 кг /17:30 цагт/

Зургаадугаар сарын 20: Холимог баг /18:00 цагт/


Эрэгтэйчүүдийн долоон жингээс 66 кг-д хамгийн олон буюу 51, +100 кг-д цөөн буюу 33 бөх барилдана. Харин эмэгтэйчүүдийн долоон жингээс 48, 63 кг-д 44, +78 кг-д 32 жүдоч зодоглох ажээ.


 

関連ニュース