ӨМНӨГОВЬ: Тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхдүүдийн сурах орчныг бүрдүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2025-06-17 15:10:50

Даланзадгад, 2025 оны зургаадугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Өмнөговь аймгийн хэмжээнд тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхдийг боловсролын үйлчилгээнд тэгш хамруулан сургах чиглэлээр үе шаттай ажлуудыг хэрэгжүүлж байна.

  

Энэ ажлын хүрээнд сайн туршлагатай цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийг шалгаруулж, урамшуулах ажлыг 2025 оны зургаадугаар сарын 16-ны өдөр зохион байгууллаа.

 

Цогтцэций сумын 30 дугаар цэцэрлэг болон Даланзадгад сумын тавдугаар сургууль 2024-2025 оны хичээлийн жилд тусгай хэрэгцээт хүүхдийг боловсролын үйлчилгээнд тэгш хамруулж, тэдэнд ээлтэй орчин бүрдүүлэн, багш, ажилтны чадавхыг сайжруулах чиглэлээр сайн туршлагыг хэрэгжүүлж манлайлан ажиласан байна.

 

Тодруулбал, Цогтцэций сумын 30 дугаар цэцэрлэг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулан сургалтын орчныг бүрдүүлж, сургуулийн өмнөх боловсролын онцлогт тохирсон хэрэглэгдэхүүн, зураглал бүхий “Тайвшруулах, хэл заслын өрөө” тохижуулан, ганцаарчилсан сургалтын төлөвлөгөө боловсруулан ажиллажээ.

 

Цэцэрлэгийн багш, ажилтан, эцэг эх, асран хамгаалагч нарыг мэргэжлийн сургалтад хамруулснаар хүүхэд бүрд чиглэсэн хандлагыг төлөвшүүлж, ур чадварыг нь нэмэгдүүлсэн үр дүнг үзүүлжээ.

 

Харин Даланзадгад сумын тавдугаар сургууль тусгай хэрэгцээ шаардлагатай хүүхдэд зориулан сургуулийн орчны хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор цахилгаан шат, нийтийн хүртээмжтэй ариун цэврийн өрөө, дуу чимээг бууруулсан анги танхимыг байгуулж, суралцах нөхцөлийг сайжруулан, ганцаарчилсан сургалтын төлөвлөгөөг боловсруулан үр дүнтэй хэрэгжүүлэн ажилласан байна.

 

Эдгээр санаачилга, үйл ажиллагаа нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг боловсролын үйлчилгээнд тэгш хамруулах, тэдэнд ээлтэй, хүртээмжтэй орчин бүрдүүлэх, багш, сурган хүмүүжүүлэгчдийн мэдлэг, ур чадварыг сайжруулахад бодит үр нөлөө үзүүлж байгааг холбогдох мэргэжилтнүүд онцоллоо.

 

Эдгээр хоёр байгууллагын тусгай хэрэгцээт хүүхдийг боловсролын үйлчилгээнд тэгш хамруулах, хүртээмжтэй орчин бүрдүүлэх, багш, ажилтны чадавхыг сайжруулах чиглэлээр хэрэгжүүлсэн оновчтой, үр дүнтэй үйл ажиллагааг Өмнөговь аймгийн ЗДТГ-ын нийгмийн бодлогын хэлтсээс үнэлж, тэднийг “NURA” төвд эрүүл мэндийн багц шинжилгээнд хамрагдах эрхээр шагнан урамшуулжээ.

 

関連ニュース