ӨМНӨГОВЬ: Төрийн их тахилгат хайрхныг тахилаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Даланзадгад, 2025 оны зургаадугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Өмнөговь аймгийн төрийн их тахилгат Хошуу овоог тахих ёслолыг зургаадугаар сарын 20-ны өдөр зохион байгууллаа.
Их
тахилгат хайрхныг тайх ёслолыг Өмнөговь аймгийн ЗДТГ, Хүрмэн сумын ЗДТГ, Маанийн хийдийн лам нар хамтран зохион
байгуулж, уул ус, лус савдгаа тахин баясгажээ.
Их тахилгат хайрхныг тахих ёслолд зориулан насанд хүрэгчид болон өсвөрийн хүчит бөхийн барилдааныг зохион байгууллаа.
Бөхийн барилдаанд Номгон сумын харьяат, аймгийн заан Ц.Анхбаяр түрүүлж, Булган сумын харьяат Монгол Улсын начин Б.Сумъяа үзүүрлэж, их шөвөгт Сэврэй сумын харьяат, аймгийн харцага Б.Амар-Амгалан, Булган сумын харьяат, аймгийн начин С.Амартүвшин нар шалгарлаа.
Харин өсвөрийн бөхийн барилдааныг хоёр насны ангиллаар зохион байгуулж, 13-15 насны ангилалд Б.Доржнамжим, 10-12 насны ангилалд Г.Алтан-Эрдэнэ нар түрүүлж нутгийн зон олноо баясгажээ.
Говь гурван сайхан уулын төрийн их тахилгат хайрхан болох Хошуу овоо нь Өмнөговь аймгийн Хүрмэн сумын нутагт Даланзадгад сумаас зүүн урагш 50 км зайд орших бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны наймдугаар сарын 23-ны 153 дугаар зарлигаар төрийн тахилгатай хайрхан болгож, 5 жилд нэг тахиж байхаар тогтоожээ.