ГОВЬ-АЛТАЙ: Алтайн Швейцар “Хүнхэр” амралт

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2025-06-26 14:23:23

Говь-Алтай, 2025 оны зургаадугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгаар аялахаар төлөвлөж байгаа бол тус аймгийн байгаль, түүх, шашны дурсгалт газруудын танилцуулга мэдээллийг цувралаар хүргэж байна. 


Байгалийн үзэсгэлэнт “Хүнхэр" амралт, зугаалгын цогцолбор газар нь “Говь-Алтайн Швейцар” хэмээн алдаршсан дархан цаазат Хасагт хайрхан уулын ар хажууд тусгай хамгаалалттай бүс нутагт далайн түвшнээс дээш 2200-2600 метр өргөгдсөн Говь-Алтай аймгийн Жаргалан сумын нутаг Хүнхэрийн голд Алтай хотоос 73 км зайтай оршдог. 


Амралтын бүсэд орших Хүнхэрийн голын рашааныг нутгийн ард олон 200-гаад жилийн тэртээгээс ходоод, элэг, цөс, дотрын эрхтнийг анагаан сувилахад ууж хэрэглэж ирсэн уламжлалтай. Рашаан нь хлорид-гидрокбонат-кальци-магни натрийн найрлагатай, нүүрсхүчлийн хийтэй хүйтэн рашаан юм.


Хүнхэр зуслангийн рашаан нь байгаль эхийн монгол туургатанд үлдээсэн юугаар ч орлошгүй “эм” юм. Энэхүү рашаан нь хар модон ой, өндөр уулын тунгалаг уст Хүнхэрийн горхины дэргэдэх хар гантиган хадан хясааны агуйгаас дуслан шүүрдэг. Уг рашааны найрлага нь гидрокарбонат кальци, магнитай тул хоол боловсруулах эрхтнийг сувилах чадалтайг тогтоожээ.


Энэхүү байгалийн өвөрмөц тогтоцтой газар 1960-аад оноос авто машины зам засаж, аймгийн нэгдлүүдийн дундын хүч хөрөнгөөр амралтын газар байгуулж малчдыг амруулж эхэлсэн түүхтэй. Тэр цагаас өдгөө хүртэл үйл ажиллагаа явуулж, даруй 65 жилийн нүүр үзэж буй аж. 


Тус амралтын газар нь нэг дор 209 хүн хүлээн авах хүчин чадалтай бөгөөд 2022 оноос хойш үнийн тогтмол бодлого барьж гадаад, дотоод жуулчдын зорин очдог үзэсгэлэнт газруудын нэг юм.


Ташрамд, “Хүнхэр” амралт зугаалгын цогцолбор газарт захиалга өгөх 99055280 холбогдох боломжтой ба үнийн хувьд гэр-160 мянга, бор байр том өрөө-150 мянга, жижиг өрөө-130 мянга, ногоон байр-120 мянга, хоёр давхар шар байр-100 төгрөг байна. 


Мөн түүнчлэн Говь-Алтай аймгийн аялал жуулчлалын талаарх мэдээллийг https://govi-altai.nomadism.mn/mn нэгдсэн платформоос мэдээлэл авах боломжтой юм гэдгийг тус аймгийн Соёл урлаг, залуучууд, аялал жуулчлалын газраас танилцууллаа. 

関連ニュース