ГОВЬ-АЛТАЙ: “Жангар” нийтийн номын сангийн албан хаагчид монгол бичгийн чадвараа дээшлүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2025-11-05 14:15:46

Есөнбулаг 2025 оны 11 дүгээр сарын 5 /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн “Жангар” нийтийн номын сангийн албан хаагчид монгол бичгийн мэдлэг чадвараа дээшлүүлж байна.

Соёлын яамнаас улс орон даяар өрнүүлж буй “Соёл түгээе” аяны хүрээнд Говь-Алтай аймгийн “Жангар” нийтийн номын сангаас тодорхой ажлуудыг төлөвлөн зохион байгуулж байна. Тэдгээр ажлуудын нэг нь “Эх хэлээрээ бахархъя” уриан дор албан хаагчдынхаа монгол бичиг тэр тусмаа цахим орчинд монгол бичгийн чадварыг сайжруулахад анхаарч Насан туршийн суралцахуйн төвийн багшаас сургалт авч мэдлэг чадвараа дээшлүүлж байгаа тухай “Жангар” нийтийн номын сангийн захирал Я.Одгэрэл ярилаа. 



Мөн дээрх аяны хүрээнд уншлага үйлчилгээний танхимуудыг олон нийтэд сурталчлах, Нэрт соён гэгээрүүлэгч, Ардын уран зохиолч, хорьдугаар зууны манлай сэтгүүлч Л.Түдэвийн бүтээл туурвилыг танилцуулах танхимыг тохижуулан бүтэн сарын турш уншигч хүүхэд багачуудад уран бүтээлийг нь түгээн дэлгэрүүлсэн байна. 




Үүний сацуу хүүхэд багачуудыг утга уран зохиол, шүлэг найраг, өв соёл тээгч болох зан заншлаа эрхэмлэн дээдэлж суралцах, үе тэнгийн найз нөхдөдөө түгээн дэлгэрүүлэх үйлсэд хувь нэмэр оруулах зорилгоор долоо хоног бүрийн бямба гарагт “Яруу найраг”, “Өв соёл, зан заншил-Ерөөл магтаал”-ын дугуйлан хичээллүүлж байна. Дугуйлангийн багшаар өв соёл тээгч, МЗЭ-ийн гишүүн Х.Ивансан ажиллаж байгаа юм.

関連ニュース