ЗАВХАН: Улиастай, Яруу гэхчлэн 7 сумын нутгаар ахиу хэмжээний бороо орох тул үерээс болгоомжлохыг сануулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2025-06-28 17:35:59

Улиастай, 2025 оны зургаадугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Цаг агаарын урьдчилсан төлөв мэдээгээр энэ сарын 28-29, 7 дугаар сарын 02-ны өдрүүдэд дуу цахилгаантай усархаг аадар бороо орж уруйн үер бууж болзошгүй байгаа тул иргэдийг анхаарал болгоомжтой байхыг сануулж байна.


Завханы баруун болон хойд бүсийн сумууд, Хөвсгөлийн нутгаар бороо үргэлжлэн орох тул, болзошгүй аянга, цахилгаан, нөөлөг салхи, мөндөр, уруйн үер, гол мөрний үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.


Ялангуяа Улиастай, Яруу, Идэр, Их-Уул, Тосонцэнгэл, Тэлмэн, Цагаанхайрхан сумдын нутгаар өнөөдөр усархаг аадар бороо 2-3 цагийн туршид үргэлжлэн орж үерийн эрсдэл үүсэхээр байгаа тул малчид иргэд, тээвэрчид, аялагчид үер усны аюулаас сэрэмжилж, аялагчид аль болох өндөрлөг газарт хоноглох. Аянга цахилгааны аюул эрсдэлээс болгоомжтой байхыг анхааруулж байна.

Үер усны аюулаас амь нас, гэр орон, эд хөрөнгөө хамгаалж, далан шуудуу татах. Бага насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг хараа хяналтгүй үлдээхгүй байх. Үерийн эрсдэлтэй бүсэд байгаа айл өрхүүдийг аюулгүй газар нүүн шилжихийг аймгийн Цаг уур орчны шинжилгээний газраас анхааруулж байна. 


関連ニュース