“Хүрээ цам-Даншиг наадам 2025” хоёр дахь өдрөө үргэлжилж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-06-29 10:18:28

Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 29 /МОНЦАМЭ/. Нийслэлийн иргэдийн баяр буюу “Хүрээ цам-Даншиг наадам 2025” өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилнэ.


Наадмын хүрээнд өчигдөр хурдан азарга, шүдлэн, хязаалан насны морьдын уралдаан болж, цам харайх болон сор залах ёслол боллоо. Хүй долоон худгийн хувьд хур бороо орсон ч ногоон гарц багатай байгаад иргэд хэлж байна. Наадмын эргэн тойронд болсон үйл явдлыг тоймлон хүргэе.


Нэгийн даваанд улсын гарди Ж.Бат-Эрдэнэ, харцага Ш.Уламбаяр нар өвдөг шороодлоо

“Хүрээ цам-Даншиг наадам”-ын хүчит бөхийн барилдаанд улсын арслан Э.Оюунболд, Р.Пүрэвдагва, гарди Ж.Бат-Эрдэнэ, Ө.Бат-Орших, Б.Гончигдамба, заан Б.Бат-Өлзий, Д.Анар, Б.Батмөнх, Д.Хүдэрбулга нарын тэргүүтэй улс, аймаг, цэрэг, сумын цолтой болон залуу 256 хүчтэн зодоглож байна. Тус барилдаанд улсын цолтой 37 бөх нэгийн даваанд гарснаас гарди Ж.Бат-Эрдэнэ Тувагийн бөх Доржу Александрт, харцага Ш.Уламбаяр сумын заан П.Лхагварагчаад өвдөг шороодлоо. Түүнчлэн аймгийн хурц арслан У.Береке гавьяат тамирчин, сумын заан Д.Төмөрхүлэгтэй таарч тахим өгсөн нь олны анхаарлыг татав. Өнөөдөр бөхийн барилдааны 2-8-ын даваа болох бөгөөд энэ даваанд залуу бөх нэг, сумын заан цолтой долоон бөх шалгарч үлджээ.

Сануулахад, даншиг наадмын түрүү бөх 30 сая төгрөг гардана.


Өнөөдөр их нас, соёолон, дааганы уралдаан болно

Даншиг наадмын хурдан азарганы уралдааны дүнг бид хүргэсэн. Энэ өдөр Ховд аймгийн Зэрэг сумын харьяат Б.Бямбабаяр одтой сайхан наадаж, хязаалан, шүдлэн үрээгээ түрүүлгэлээ. Тэгвэл хязаалангийн уралдаанд 88 хурдан хүлэг бүртгүүлснээс 77 нь гарааны зурхайгаас хөдөлсөн юм. Ийнхүү Ховд аймгийн Зэрэг сумын Б.Баярбямбын хээр алаг үрээ тод магнай, торгон жолоо өргүүллээ. Харин аман хүзүүнд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Д.Бэхбатын хар, айргийн гуравт Архангай аймгийн Ихтамир сумын Л.Энхбаярын хонгор сар, дөрөвт Төв аймгийн Жаргалант сумын Г.Алтансүхийн цоохор загас, тавд Б.Сүхбаатарын зээрд хязаалан тус тус хурдаллаа.

Харин хурдан шүдлэнгийн уралдаанд 86 хүлэг бүртгүүлснээс 70 нь гарааны зурхайгаас эргэв. Улмаар Ховд аймгийн Зэрэг сумын Б.Баярбямбын хүрэн ширээтэй зуузай шүдлэн түрүүлсэн бол Архангай аймгийн Тариат сумын Б.Наранбаатарын хул аман хүзүүдлээ. Айргийн гуравт Завхан аймгийн Шилүүстэй сумын Д.Заяабадралын зээрд, дөрөвт Улаанбаатар хотын Багануур дүүргийн уяач Ж.Мөнгөнбаярын хонгор халзан, тавд Булган аймгийн Булган сумын Б.Өвгөнхүүгийн бор шүдлэн хурдалж наадамчин олноо баясгав.

Дөнгөж сая хурдан их насны морьд гарааны зурхайгаас гарсан бол 11:00 цагаас хурдан соёолон гараанаас гарна. Харин даага болон жороо морины уралдаан үдээс хойш болох хуваарьтай байна. 


Сор заллаа

Даншиг наадмаар цам харайсны дараа сор залах ёслол боллоо. Энэ нь бүх гай барцадыг арилгах бэлгэдэлтэй шашны зан үйл юм. Сүсэгтэн олон бие дэх өвчин зовлон, барцад гай зэргийг зайлуулахыг хүссэн зүйлээ цаасан дээр бичиж, галд шатаах буюу тусгайлан бэлдэж гартаа атгасан балин хэмээх нэгэн зүйл домын хэрэгслийг галд өргөнө. Ингэснээр муу муухай бүхэн ариусдаг хэмээн үздэг байна.


Наадмын эргэн тойрон дахь фото агшнаас хүргэе.











 


 


関連ニュース