ЗАВХАН: Ирэх онд ашиглалтад оруулах барилгын ажлын явц 40-45 хувьтай байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай, 2025 оны долоодугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Завхан
аймагт энэ онд 35 төсөл, арга хэмжээ улсын төсвийн 293.8 тэрбум төгрөгийн
санхүүжилтээр хэрэгжиж байна.
Шинээр дөрвөн төсөл хэрэгжиж байгаа нь Нөмрөг-Улаангом чиглэлийн Арц суурь хилийн боомт хүртэлх хатуу хучилттай авто зам, Солонготын давааны хатуу хучилттай авто зам, аймгийн төвд барьж буй Дулааны станцын 2-р хэлхээ дэд бүтэц, 200 ортой цэцэрлэгийн барилга юм.
Мөн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар дэд бүтэц, харилцаа холбоо, шугам сүлжээний зураг төслүүдийн ажлыг хийж байна. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьж буй 2026 онд ашиглалтад орох барилгын ажлын явц 40-45 хувьтай байна. Тухайлбал Улиастай суманд барьж байгаа Политехник коллежийн 150 хүүхдийн дотуур байрны барилгын нэг, хоёр, гуравдугаар давхрын дотор хамар хана гадна 36-ын хөнгөн блок 20 см-ийн зузаан эрдэс хөвөн дулаалга 12 см тоосгон өрлөгийг хийж байна. Энэ барилга угсралтын ажлын гүйцэтгэгчээр “Аз өрнөх” ХХК ажиллаж, улсын төсвийн 4533.7 сая төгрөгөөр барьж байна. Барилгын ажил 2024 онд эхэлсэн бөгөөд 2026 онд бүрэн ашиглалтад орох юм.
Завхан аймгийн Цагдаагийн газрын конторын барилгын ажил 50 орчим хувьтай байна. Барилга угсралтын ажлын гүйцэтгэгчээр “Дэлгэрэх төгс хийц” ХХК ажиллаж байна. Барилгын зураг төсвийг “ББСМО" ХХК гүйцэтгэж, улсын төсвийн 4951.3 сая төгрөгөөр барьж байна. Барилгын ажил өнгөрсөн оны тавдугаар сараас эхэлсэн бөгөөд 2026 онд дуусах юм.
Тухайн барилгын ажлын явцтай мэргэжлийн байгууллагууд танилцсан байна. Өнөөдрийн байдлаар барилгын гадна металл фасад, гуравдугаар давхрын хана, хамар ханын өрлөг, агааржуулалт, цахилгаан, бохир усны шугамын холболт, цонх угсрах зэрэг ажлыг хийж байна. Мэргэжлийн байгууллагын явцын хяналтаар, металл фасадны ус чийг тусгаарлагчийг цоолж битүүмж алдагдсаныг засварлах. Хоёрдугаар давхрын хамар ханын төмөр бэхэлгээг /ТБ-1, ТБ-2/ ажлыг зургийн ББ-81 дүгээр хуудсанд заасны дагуу нөхөж хийж фото зургаар баталгаажуулан ирүүлэх. Зоорийн давхрын сувагт байгаа бохир усны шугамыг дулаалах бохир усны гаргалгаа 1-ийн суваг дотор хяналтын таг зургийн дагуу хийхийг үүрэг болгосон тухай Завхан аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газраас мэдээлэв.
Ташрамд, 2024 онд Завхан аймагт улсын төсвийн 248 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 53 төсөл хэрэгжихээр батлагдсан ба тус онд 68,6 тэрбум төгрөг зарцуулсан байна.
Улиастай суманд барьж байгаа Политехник коллежийн 150 хүүхдийн дотуур байрны барилга