“Qantas” компанид өндөр торгууль ногдуулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2025-08-18 17:01:41

КАНБЕРРА, 2025 оны наймдугаар сарын 18 /BBC/. COVID-19 цар тахлын үеэр 1800 гаруй ажилтныг хууль бусаар халсан гэх үндэслэлээр агаарын тээврийн Qantas” компанийг 90 сая австрали доллароор /59 сая ам.доллар/ торгох шийдвэрийг Австралийн шүүх гаргажээ.  


Австралийн түүхэнд хөдөлмөрийн тухай хуулийг зөрчсөн үндэслэлээр шүүхээс оногдуулсан хамгийн том шийтгэлийг тус улсын Тээврийн салбарын ажилтнуудын үйлдвэрчний эвлэлийн зүгээс сайшаасан байна.


Холбооны шүүхийн шүүгч Майкл Ли уг торгуулиар дамжуулан бусад ажил олгогчдод бодит сургамжүзүүлэхийг хүсэж байгаагаа мэдэгджээ. Агаарын тээврийн компанийн зүгээс торгууль төлөхийг зөвшөөрч, ажилтнууддаа бодит хохирол учруулсан үйлдлийнхээ төлөө хариуцлагаа хүлээж байгаагаа мэдэгдсэн байна.


Qantas” группийн гүйцэтгэх захирал Ванесса Хадсон хэлэхдээ, компанийн гаргасан шийдвэрийн улмаас хохирсон 1820 ажилтан бүрээс, мөн ар гэрийнхнээс нь чин сэтгэлээсээ хүлцэл өчиж байна гэлээ. “Таван жилийн өмнө, ялангуяа нөхцөл байдал тодорхойгүй байсан цаг үед аутсорсинг хийх шийдвэр нь манай хуучин баг болон тэдний гэр бүлийнхэнд жинхэнэ бэрхшээл учруулсан” гэж тэрбээр нэмж хэлсэн байна.


Энэхүү торгууль нь Шударга хөдөлмөрийн тухай хуулийн дагуу Австралийн компанид оногдуулсан хамгийн том санхүүгийн шийтгэл боллоо. Австралийн хамгийн том агаарын тээврийн компани цар тахлын үеэр нисэхийн салбар зогсонги байдалд орсны улмаас санхүүгийн зайлшгүй шаардлагатай арга хэмжээ авснаар олон жилийн турш үргэлжилсэн хуулийн маргаантай тулгарчээ.

 


関連ニュース