Г.Дамдинням: АМНАТ-ыг биржийн үнээр тооцдог болсноор боловсруулах үйлдвэрийн гацаа арилна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
oyundelger@montsame.gov.mn
2025-08-20 17:20:49

Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Засгийн газрын ээлжит хуралдааны дараа Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр (АМНАТ) тооцох аргачлалд өөрчлөлт оруулсан талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням танилцууллаа.


Тэрбээр өмнөх тогтоолоор жишиг үнээр АМНАТ тооцож, бодит үнээс өндөр төлбөр авдаг байсан нь аж ахуй нэгжид дарамт үүсгэж байсныг онцолсон юм. Жишээлбэл, баяжуулсан коксжих нүүрсийг 22.6, хайлуур жоншийг 54.3, төмрийн хүдрийг 26.6 хувь илүү үнээр тооцож байжээ.


“Түүхий эдийн үнэ их үед компаниуд тэсэж байсан ч, үнэ багасахад алдагдалд орж, үйл ажиллагаа нь доголдож байна. Иймд бодит үнэлгээнд тулгуурласан, биржийн үнээр тооцохоор болж байна. Шинэ журамд зааснаар аж ахуй нэгж бүтээгдэхүүнийхээ дөрөвний нэгийг биржээр арилжвал нийт бүтээгдэхүүнийхээ үнэлгээг биржийн дүнгээр тооцон АМНАТ төлнө. Ингэснээр биржийн арилжааны идэвх нэмэгдэж, улсын төсөвт 100 тэрбум төгрөгийн орлого төвлөрөх тооцоо бий. Мөн өмнөх зохицуулалтаар боловсруулах 47 үйлдвэр зогссон байсныг засах шийдвэр гаргалаа. Өмнө нь ТӨК-иас (Эрдэнэс Тавантолгой, Дархан төмөрлөг, Эрдэнэс Критикал гэх мэт) түүхий эд авч боловсруулсан бүтээгдэхүүнийг хилээр гаргахад бүртгэхгүй байсан тул аж ахуй нэгжүүд хохирч байсан. Ашигт малтмалын биржийн тухай хуулиар биржээр худалдан авсан байх шаардлага тавьдгаас аж ахуй нэгжидэд хүндрэл үүсэж, үйлдвэр технологийн паркийн бодлого зогссон. Тухайлбал, Алтанширээтийн үйлдвэр технологийн паркт байрлах хорголжин тэжээлийн үйлдвэр энэ бодлогын зөрчлөөс болж хоёр жил зогссон. Харин одоо 30 гаруй аж ахуй нэгжийн 55 гэрээгээр 100 сая ам.долларын бүтээгдэхүүн экспортлох боломж нээгдэж байна" гэдгийг АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням онцлов.


Түүнчлэн, Засгийн газрын тэмдэглэлээр түр журам мөрдөж, цаашид Ашигт малтмалын биржийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар болжээ. Энэ нь боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагааг сэргээж, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүнийг экспортлох шинэ гарцыг нээж байгаа аж.

 

関連ニュース