БНХАУ руу экспортлох нүүрсний нийлүүлэлтийг нэмэх талаар санал нэгдэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөх хотод зохион байгуулж буй ‘’Монгол-Хятадын V Экспо-2025”-д оролцож байна.
Энэ үеэр тэрбээр БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн их хурлын Байнгын хорооны дэд дарга Цай Дафөнтай уулзсан юм. Уулзалтын эхэнд талууд хоёр орны найрсаг харилцаа гүнзгийрэн хөгжиж байгааг онцлоод, эдийн засгийн хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэх талаар байр сууриа илэрхийлэв.
Тэргүүн шадар сайд Н.Учрал Засгийн газраас байгуулсан экспортыг нэмэх ажлын хэсгийн ахлагчийн
хувьд худалдааг эрчимжүүлэх хууль эрх зүйн таатай орчин бүрдүүлэн бодлогын
шинэчлэл эхлүүлж байгаагаа онцлоод хамтран ажиллах тодорхой чиглэлүүдээр санал
тавив. Тодруулбал, Шивээхүрэн-Сэхээ,
Бичигт-Зүүнхатавч, Ханги-Мандал боомтыг төмөр замаар холбох ажлыг эрчимжүүлэхэд
БНХАУ-ын 15 дахь 5 жилийн төлөвлөгөөнд тусгахад анхаарах, Замын-Үүд, Эрээний хамтын ажиллагааны бүсийн бүтээн
байгуулалтыг эрчимжүүлэх, экспортод
чиглэсэн сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэх хамтын ажиллагааг идэвхжүүлж, хувийн
хэвшлийг дэмжих, Монголын бараа бүтээгдэхүүнийг эскпортлох, дамжин өнгөрөх
үеийн хорио цээрийн зөвшөөрлийг шуурхай олгоход анхаарахыг хүслээ.
Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн их хурлын Байнгын хорооны
Дэд дарга Цай Дафөн БНХАУ-ын 15-р таван жилийн төлөвлөгөөг Монгол Улсын урт хугацааны хөгжлийн баримт
бичигтэй уялдуулж хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэх тухайгаа дурдаад, зарим асуудлаар байр сууриа
илэрхийлжээ. Үүнд хоёр орны стратегийн болон худалдааны хамтын ажиллагааг
эрчимжүүлж, Монголоос
экспортлох нүүрсний нийлүүлэлтийг нэмэх, хөрөнгө оруулалтын орчны тогтвортой байдлыг хангах, орон нутгийн хамтын ажиллагааны хүрээнд
ӨМӨЗО гол гүүр болж хил дамнасан төмөр замын ажилд түүчээлэхийг хүсэж байгаагаа тодотгов.
Уулзалт хоёр тал, зах зээлийн зарчмыг баримталсан эдийн
засгийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлж, худалдааны эргэлтийг нэмэхэд түлхүү анхаарсан агуулгатай болжээ.