Нүүрс тээврийн автомашины ”С” зөвшөөрлийн тоог нэмэх боломжийг судлахыг хүсжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. “Монгол-Хятадын V экспо” БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөх хотноо үргэлжилж байна.
Энэ үеэр Монгол Улсын Тэргүүн шадар сайд Н.Учрал БНХАУ-ын ӨМӨЗО-ны намын хорооны нарийн бичгийн дарга, Ардын их хурлын байнгын хорооны дарга Сүн Шаочөнтэй өчигдөр уулзлаа. Талууд Монгол- Хятадын экспо зохион байгуулж, ажил хэрэгч, бизнес уулзалт олноор үргэлжилж байгаад талархалтай хандаж, хоёр орны эдийн засгийн харилцааг улам өргөжүүлэх талаар байр сууриа илэрхийлжээ.
Эдийн засгийн
хөгжлийн яамны мэдээлснээр хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд ойрын үед шийдэж болох
асуудлыг Тэргүүн шадар сайд онцолсон
байна.
Хилийн боомтуудыг үе шаттай холбох, нүүрс тээврийн
автомашины ”С” зөвшөөрлийн тоог нэмэх боломжийг судлах, Гашуун сухайт, Шивээ
хүрэн зэрэг боомтод автомат
удирдлагатай тээврийн хэрэгслийг нэвтрүүлж, 24 цагийн ашиглалттай болгох, худалдааг хөнгөвчлөх, зохицуулалтын арга хэмжээг хамтран
хэрэгжүүлэхийг хүслээ.
Монгол Улсын
экспортын бүтээгдэхүүнд жин дардаг нүүрсний нийлүүлэлтийг нэмэх хүрээнд зах
зээлийн үнийн өөрчлөлтийг мөрдсөн тогтвортой, урт хугацааны гэрээний
хэрэгжилтийг сахихыг чухалчилж байгааг Сүн Шаочөн дарга онцолжээ. Тэргүүн Шадар сайдын тавьсан саналыг ойрын үед анхаарч, хариу өгөхөө мөн илэрхийлэв.
ӨМӨЗО нь сэргээгдэх эрчим хүчний салбарт БНХАУ-даа тэргүүлж
байгаа бөгөөд эрчим хүчний салбар хоёр талын харилцаанд шинэ хуудас нээх
боломжтой талаар санал солилцжээ.