Мөрөн-Улиастай чиглэлийн авто замын төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-08-27 16:38:09

Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсэн асуудлыг танилцуулаа.


Өнөөдөр шийдвэрлэсэн асуудлын нэг нь Мөрөн-Улиастай чиглэлийн авто замын төсөл юм. Төр, хувийн хэвшлийн түншлэлийн барих, ашиглах, шилжүүлэх гэрээний төрлөөр хэрэгжих Мөрөн-Улиастай чиглэлийн 261.89 км авто замын төсөл-ийг баталж, сонгон шалгаруулалтыг холбогдох хууль, журамд заасны дагуу зохион байгуулахыг Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан нарт даалгасан байна.


Бүтээн байгуулалт хоёр хэсэгтэй бөгөөд замын эхний хэсэг Мөрөн-Булган чиглэлийн улсын чанартай авто замаас Омпуугийн давааны өвөр хүртэлх 190.2 км авто замыг гэрээ байгуулсны дараах эхний хоёр жилд, хоёрдугаар хэсэг Омпуугийн даваанаас Согоотын даваа Тосонцэнгэл сумын баруун талын А603 дугаартай авто замтай огтлолцох дөрвөн замын уулзвар хүртэлх 71.69 км хэсгийг гэрээ байгуулсны дараах гурав дахь жилд барьж дуусгахаар төлөвлөжээ. Эхний хэсгийн бүтээн байгуулалт дууссаны дараа буюу гурав дахь жилээс 23 жилийн турш замын менежмент, засвар арчлалт зэрэг үйл ажиллагааг хувийн хэвшил хариуцах юм.


Харин орлогын эх үүсвэр нь нүүрсний ачаа тээврийн хэрэгслээс замын хураамж авахаар тооцоолсон байна.

関連ニュース