Аялал жуулчлалын хөгжлийн төвийг татан буулгалаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-08-27 17:00:52

Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Засгийн газрын ээлжит хуралдаан дараах шийдвэрийг гаргалаа.


“Монгол-Кувейтын байгаль хамгаалах төв” төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг “Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төв” төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт, ”Монголын үнэт цаасны клирингийн төв” компанийг “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” компанид нэгтгэв. Аялал жуулчлалын хөгжлийн төв төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг татан буулгав. Тус шийдвэртэй холбогдуулан төрийн өмчит компаниудын шинэчлэлийн хүрээнд эхний ээлжинд хэрэгжүүлэх үйл ажиллагааг тогтоолд тусгажээ.


Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдүүдийн чиг үүргийг оновчтой тогтоож давхардлыг арилгах, удирдах албан тушаалтны тоог багасгах замаар бүтцийг өөрчилж, орон тоог 10-аас доошгүй, зардлыг 10-15 хүртэлх хувиар хэмнэх боломжтой гэж үзээд төрийн өмчит компани, үйлдвэрийн газрын үйл ажиллагаа, үр ашиг, өгөөжид дүн шинжилгээ хийж, үр ашиггүй, алдагдалтай ажиллаж буй хуулийн этгээдийг шилжүүлэх, өөрчлөн байгуулах, татан буулгах компани, үйлдвэрийн газруудын орлого, үр ашиг, бүтээмжийг нэмэх, ашигт ажиллагааг сайжруулах чиглэлээр санал гаргаж Засгийн газрын хуралдаанд танилцуулан шийдвэрлэхийг холбогдох албан тушаалтанд даалгалаа.


Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдүүд дэргэдээ цайны газар, зочид буудал, хэвлэх үйлдвэр, сувилал, эмнэлэг, сургууль гэх мэт нийгмийн чиглэлийн үйл ажиллагаа эрхэлж, үндсэн бус үйл ажиллагааны зардлыг нэмж байна. Иймд төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн нийгмийн чиглэлийн үйл ажиллагаа явуулж буй салбар, нэгжийг өөрчлөн зохион байгуулах, чиг үүргийг хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх, эсхүл бие даасан хуулийн этгээдийн хэлбэрт шилжүүлэх, түрээсийн гэрээгээр эзэмшүүлэх, цаашид ашиглахад зардал өндөр, үр ашиггүй, хөрөнгийг хувьчлалаас гадуур худалдан борлуулах ажлыг үе шаттай зохион байгуулахыг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргад үүрэг болгожээ.

関連ニュース