НАТО-гийн гишүүн бүх улс ДНБ-ий хоёр хувийг батлан хамгаалахад зарцуулна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
БРЮССЕЛЬ, 2025 оны наймдугаар сарын 28 /AFP/. НАТО-гийн бүх гишүүн орон батлан хамгаалахын зардлаа ДНБ-ий хоёр хувьд хүрэх зорилтыг энэ онд хангах төлөвтэй байна. Мөн цаашдаа илүү амбицтай зорилтод хүрэхээр төлөвлөж байгаа юм.
Нийт 32 гишүүн орноос бүрддэг тус цэргийн эвсэл
АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын тавьж буй шаардлагын дагуу ирэх 10 жилийн хугацаанд батлан хамгаалах салбарын зардлаа үлэмж хэмжээгээр нэмэгдүүлэхээр Хаагт болсон дээд хэмжээний уулзалтын үеэр тохиролцсон билээ.
ДНБ-ийхээ таван хувийг аюулгүй байдалтай холбоотой зардалд зарцуулахыг Д.Трамп холбоотнуудаасаа шаардаж, үүнийг НАТО-той харилцаагаа үргэлжлүүлэх гол нөхцөл гэж үзжээ. Тодруулбал, батлан хамгаалахын үндсэн зардалд 3.5 хувь, дэд бүтэц, кибер аюулгүй байдал зэрэг бусад салбарт 1.5 хувийг зарцуулах ёстой. Ингэснээр 2014 онд анх тогтоосон "ДНБ-ий хоёр хувь"-д хүргэх зорилт өөрчлөгдөж байгаа юм. НАТО-гийн мэдэгдэлд дурдсанаар, одоогийн байдлаар бүх холбоотон улс 2025 онд хоёр хувийн зорилтод хүрэх төлөвтэй байгаа бөгөөд ингэснээр эвслийн батлан хамгаалах нийт зардал 1.5 их наяд ам.доллараас давах ажээ.
Испани, Бельги, Итали зэрэг орнууд Хаагийн уулзалтаас өмнө батлан хамгаалахын зардлаа ДНБ-ий хоёр хувьд хүргэх төлөвлөгөөгөө зарлаж байв. Европын орнууд Оросоос хамгаалахад шаардлагатай хүчин чадлыг бий болгохын тулд амлалтаа биелүүлэх ёстой гэдгийг албаныхан онцолж байна. Украины дайн дууссанаас хойш 3-5 жилийн дараа Оросын тал НАТО-гийн аль нэг улс руу довтлоход бэлэн байна гэж барууны цэрэг, тагнуулын албаныхан анхааруулж байгаа ажээ.
Дэлхийн II дайнаас хойш Европын аюулгүй байдлын түшиг тулгуур болсоор ирсэн Вашингтон одоо илүү их үүрэг
хариуцлагыг Европын орнуудад үүрүүлэхийг эрмэлзэж байна. Пентагон Хятадад илүү
анхаарал хандуулахын тулд Европ дахь оролцоогоо сулруулж магадгүй гэж анхааруулсаар иржээ.
Европын зарим орон батлан хамгаалах зардлыг өсгөх тал дээр хоцорч байхад Польш,
Балтийн орнууд зэрэг Оростой ойр оршдог гишүүн орнууд ойрын хэдэн жилд уг зардлыг ДНБ-ий таван хувьд хүргэх төлөвтэй байна. Тухайлбал, Польш улс
2025 онд ДНБ-ийхээ 4.48 хувийг буюу гишүүн орнуудаас хамгийн их зардлыг гаргана гэж таамаглаж байна. Харин АНУ одоогоор ДНБ-ийхээ 3.22 хувийг цэргийн зардалд зориулж байгаа бөгөөд энэ нь эвслийн нийт зардлын багагүй хувийг бүрдүүлдэг.