Явган хүний зарим замыг улсын комисст хүлээлгэн өгнө

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-08-28 09:36:16

Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Нийслэлийн хэмжээнд энэ онд 13 байршилд явган хүний замыг байгалийн чулуугаар шинэчилж буй.


НХОГ-ын Барилга захиалагчийн хяналтын хэлтсийн дарга Б.Ганзориг ярихдаа, “Энхтайваны өргөн чөлөө, Их тойруу, Бага тойруу, Их Монголын гудамж, Чингисийн өргөн чөлөөний явган хүний замыг шинэчилж байна. Нийт 210 мянган ам.метр талбайг шинэчлэхээс одоогоор 65 мянган ам.метр явган замыг шинэчлээд байна” хэмээлээ. 


Харин Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай, "13 байршилд 13 компани тендерт шалгарч, ажлын явц 50-95 хувьтай үргэлжилж байна. Явган зам шинэчилж дууссан байршлыг есдүгээр сарын 20-ны өдөр улсын комисст хүлээлгэн өгнө. Төлөвлөгөөнөөс хоцорч, удаан ажилласан компаниудын гэрээг цуцална. Шаардлагатай тохиолдолд шинэчилж дуусгаагүй байршлын ажлыг дараа жилд шилжүүлж, ирэх хавраас үргэлжлүүлнэ" гэж ярив. 


Гүйцэтгэгч компанийн удирдлагууд Геодези, усны барилга байгууламжийн газар, “Мэдээлэл холбооны сүлжээ” компани, нийслэлийн Замын хөгжлийн газрын холбогдох ажилтнуудтай долоо хоног бүр уулзан, асуудлаа тухай бүрд нь шийдэж байна. 

関連ニュース