Хорин жилийн хугацаанд 30 мянга гаруй иргэнийг БНСУ-д ажиллах хүчээр илгээжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-08-28 14:23:14

Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Монгол Улс 2004-2025 онд давхардсан тоогоор 38.5 мянган иргэнийг БНСУ-д хөдөлмөр эрхлэхээр илгээжээ.


Тухайлбал, 2024 онд гэхэд 722 иргэн хөдөлмөрийн гэрээгээр явсан бөгөөд тэд төмөрлөг, хүнсний үйлдвэрлэл, электроник болон хог хаягдал дахин боловсруулах салбарт голлон ажиллаж байна.


Иймд хөдөлмөрийн гэрээт ажилтан илгээх, хүлээн авах талаар Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир БНСУ-ын Үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгч Донмён Кимтэй уулзаж, санал солилцлоо.


Уулзалтын үеэр Донмён Ким “Гадаад ажилтнуудын дунд ажлын байрны осол гарах эрсдэл байсаар байгаа тул Засгийн газраас хөдөлмөрийн аюулгүй байдал, ажлын орчныг сайжруулахаар ажил олгогч нартай хамтран сургалт зохион байгуулж, ослоос урьдчилан сэргийлэхэд анхаарч байна” хэмээгээд цалин хөлсний маргаан, хөдөлмөрлөх болон хүний эрх, нийгмийн хамгааллыг сайжруулахад хоёр талын хамтын хүчин чармайлт чухлыг онцоллоо. 


БНСУ-ын Засгийн газар 17 улсаас E-9 ангиллын хөдөлмөрийн гэрээт ажилтан сонгон шалгаруулдаг. Монгол иргэд гурван жилийн хугацаатай гэрээгээр аж үйлдвэр, үйлчилгээний салбарт ажилладаг юм. 

 

関連ニュース