Афганистанд амиа алдсан хүний тоо нэмэгджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 2 /Al Jazeera/. Афганистаны зүүн нутагт хүчтэй газар хөдөлсний улмаас газартай тэгшлэгдсэн байшин барилгуудын нурангид дарагдсан хүмүүсийг эрэн хайх ажиллагаа үргэлжилсээр байгаа энэ үед амь эрсэдсэн хүний тоо 1100 давжээ.
Өнгөрсөн ням гаргийн шөнө дундын үед Пакистантай хилийн ойролцоох уулархаг мужуудын алслагдмал бүсэд 6 магнитудын хүчтэй газар хөдөлж, түүний дараа таван удаа хүчтэй чичирхийлэл бүртгэгдсэн байна. Кунар мужийн байгалийн гамшгийн уршгийг арилгах газрын дарга Эхсанулла Эхсаны мэдэгдсэнээр, аврах-эрэн хайх ажиллагаа шөнөжин үргэлжилсэн бөгөөд алслагдмал оршдог тосгодод гэмтэж бэртсэн хүмүүсийг эмнэлэгт хүргэх шаардлагатай байгаа ажээ.
Тосгоны оршин суугчид аврах ажиллагаанд нэгдэж, шавар, чулуугаар барьсан байшингуудын нурангийг цэвэрлэхэд гар бие оролцож байна. Хамгийн их хохирол амссан зарим тосгонд зам хаагдсаны улмаас хүрч очих боломжгүй хэвээр байна гэж НҮБ-ын агентлаг мэдэгджээ. НҮБ нөхцөл байдлыг үнэлж, яаралтай тусламж үзүүлэхээр эрх баригчидтай хамтран ажиллаж байгаа бөгөөд эхний ээлжид 5 сая ам.долларын тусламж үзүүлнэ гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш даваа гарагт мэдэгдсэн байна.
Газар хөдлөлтийн улмаас амь эрсэдсэн хүний тоо 1124-д хүрсэн гэж тус бүс нутагт ажиллаж буй Афганистаны Улаан хавирган сар нийгэмлэгээс өнөөдөр мэдээлжээ. Түүнчлэн 3251 хүн гэмтэж бэртэж, 8000 гаруй байшин барилга нурсан байна. Харьцангуй гүехэн газар хөдлөлт нь илүү их хохирол учруулах эрсдэлтэй байдгийн зэрэгцээ афганчуудын дийлэнх нь нурах эрсдэл ихтэй намхан, шавар байшинд амьдардаг ажээ.
Пап лам XIV Лео газар хөдлөлтийн улмаас олон хүний амь эрсэдсэнд гүнээ харамсаж байгаагаа илэрхийлжээ. Афганистан нь газар хөдлөлтөд байнга өртдөг бөгөөд ялангуяа Еврази ба Энэтхэгийн тектоник хавтангийн уулзварын ойролцоох Хиндукуш ууланд ийм үзэгдэл түгээмэл болдог. 2023 оны 10 дугаар сард Херат мужид 6.3 магнитудын хүчтэй газар хөдөлсний улмаас 2000 гаруй хүн амь үрэгдэж, 63 мянга гаруй байшин барилга нурж сүйджээ. Мөн 2022 оны зургаадугаар сард Пактика мужид 5.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, 1000 гаруй хүн амь үрэгдэж, олон арван мянган хүн орон гэргүй болж байв.